Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд дуулгалаа. Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангалт хийхээр болжээ. Баруун бүсийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслээр тус төв тоноглогдох юм. Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 2 жилийн хугацаанд шатлалаар хийж гүйцэтгэнэ. Үүний өмнө Монгол улсын Засгийн газар 2,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр дээрх төсөл хэрэгжих нөхцөл үүснэ.

Энэ асуудлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлүүлэх боломжтой гэлээ. Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 1987 онд ашиглалтанд орж, тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр Ховд аймгийн иргэд 80 гаруй мянгад хүрээд байна. Мөн 2016 оны тоон үзүүлэлтээс дурдвал Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн ирж үйлчүүлсэн байна.