Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран цагаан сарын босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай билээ. Таван хошуу сүргээ өсгөн үржүүлж, тоо толгой ашиг шимийг нь сайжруулж буй малчдад олгодог энэхүү шагналаар Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар тодорч, “Алтан хурга”-ны эзэн боллоо.

Улсын Их Хурлын Гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд хоёрдугаар сарын 13-ны өдөр Алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилд хамгийн олон хурга хүлээн авсан Дарви сумын Дэлгэр багийн малчин Г.Ганбаатарт “Алтан хурга” цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулан өгч, баяр хүргэлээ.

ТАХИА ЖИЛИЙН “ХАМГИЙН ОЛОН ХОНЬ ТООЛУУЛСАН МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО

Мөн Дарви сумын Дэлгэр багийн малчин Г.Ганбаатар нь өвөг дээдсийнхээ малч уламжлалыг үргэлжлүүлж, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, 3000 орчим мал маллаж байгаа бөгөөд 2017 онд 2300 гаруй хонь тоолуулж, Ховд аймгийн “Хамгийн олон хонь тоолуулсан малчин”-аар тодорлоо. Аймаг орон нутгийн зүгээс Дэлгэр багийн малчин Г.Ганбаатар болон түүний гэргий С.Дэлгэрхишиг нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, аймгийн Засаг даргын өргөмжлөл, тууз, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнав. 
Дарви сумын Дэлгэр багийн малчин Г.Ганбаатарын хувьд зуданд тэсвэртэй, өлчир чийрэг, ноосны гарц өндөртэй, махны амт, чанар сайн хэмээн батлагдсан Сутай омгийн хонь өсгөн үржүүлдэг. Боловсролын салбарт хоёр жил гаруй ажиллаад сутай хонины үйлдэр угсааг таслахгүй байх үүднээс 20 гаруй жил мал маллаж, 2011 онд сумын аварга малчин, 2012 онд аймгийн аварга малчин цол хүртсэн байна.

                                                                                                                              Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)