ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Цаст цамбагарав хайрханаа шүтэн хэдэн зууныг өртөөлөн ирсэн Галданбошгот хааны голомтыг бадраан яваа өөлд түмний өлгий нутгийн үр сад болсон Эрдэнэбүрэнчүүд Монголын уламжлалт сар шинийн баяраа амжилт бүтээл арвинтайгаар угтаж байна. Эрдэнэбүрэнчүүдийн ололт амжилтын баталгаа болсон аварга малчин, хошой аварга, алтан төлийн эзэн, алдарт уяачдын шагналыг гардуулах ажлын хэсэг энэ сарын 12-ноос 13-ны өдрүүдэд тус суманд ажиллалаа. 
Ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, гишүүдээр Хяналт шинэжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Солонго, аймгийн ГХБХБГ-ын дарга н.Дөлбадрах, Цаст –Алтай цогцолбор сургуулийн зариал н.Алтанлхагва болон Эрдэнэбүрэн сумын удирдлагууд ажиллав. 
Эрдэнэбүрэн сумын тухайд 2017 оны ажлаа аймагтаа дүгнүүлж 2-р байр, аймгийн ЗД-ын захирамжаар зарлагдсан Цэвэрч Ховдчууд болзолт уралдаанд 3-р байр, сумын санхүү тасаг аймагтаа ажлаараа тэргүүлж 1-р байр, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаагаараа аймагтаа 1-р байр, ЕБС-ийн 9-р ангиудын дунд зохион байгуулагдсан байгалийн ухааны анги нийтийн анхдугаар онлайн олимпиадад амжилттай оролцож тэргүүн байр, Номын гэгээ дэд хөтөлбөрийн хүрээнд Хүүхдэд зориулсан ном бүтээх уралдаанд сургуулийн насны ангилалд 3-р байрыг тус тус эзэлсэн амжилттайгаар сар шинээ угтаж байна. Дээрх гаргасан амжилтуудыг бататган шагналын хур буулгасан нэгдсэн арга хэмжээг сумын соёлын төвд зохион байгуулснаар ажлын хэсгийнхэн шагналыг нь сум байгууллагуудад гардуулан өглөө. 
Үзэсгэлэнт сайхан Цаст Цамбагарав хайрханы өвөрт мал сүргээ маллан суугаа 360 гаруй малчид өнгөрсөн онд нийт 212,223 тоо толгой мал тоолуулж, хөдөлмөрч малчдынхаа цаг наргүй, амралт чөлөөгүй, уйггүй хичээл зүтгэлийн үр шимээр 2017 онд 18 өрхийн 32 малчин 1000 давсан мал тоолуулж, сумын аймгийн аварга малчдын болзолыг хангасаар байна. Тиймдээ ч Эрдэнэбүрэнчүүд 60 мянгат малчинтай болж, мянгат малчдынхаа тоогоор аймагтаа дэд байрыг эзлэж байна. 
Эрдэнэбүрэнчүүд өнгөрсөн онд ажил үйлс, зүтгэл бүтээлээрээ манлайлж, Аймгийн хошой аварга малчин цолоор Баянгол багийн малчин Я. Өлгийсайхан, Аймгийн аварга малчин цолоор намарзан багийн малчин О.Бямбадорж, Шураг багийн малчин Ц.Эрхэмбаяр, Хонгио багийн малчин Л.Отгонбаяр, аймгийн алдарт уяач цолоор С. Баттулга нар шагнагдлаа. Шинэхэн аваргуудын шагналыг хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн гардуулав. Цаст Цамбагарав хайрханы өвөр, хатан дөлгөөн ховд голынхоо хөвөөгөөр нутаглаж, Өвөг дээдсээс уламжилсан гал тамга, ганзага имтэй эрдэнэт мал сүргээ үр төлөөр нь өсгөн арвижуулж, сүүлийн 3 жил 1116-1453 толгой мал тоолуулж, малын үүлдэр угсааг сайжруулан чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэхэд оюун ухаан, бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан малчин түмнээ манлайлж, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдын нэгээр Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Олзвойн Бямбадорж түүний гэргий Пуудайн Долгоржав нар нэрлэгдэж аймгийн аварга малчид боллоо. Аймаг сум орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж шагналын хур буулгасан аварга малчдын шагналыг ажлын хэсгийнхэн хотонд нь аваачиж гардууллаа.

- share

Сэтгэгдэл (0)