Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж, Ховд аймгийн иргэдтэй өчигдөр уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр, хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна.Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, саналыг нь харгалзан аливаа асуудал, хүсэлт бүрийг шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан.

Бидэнд алдаа гаргах эрх байхгүй

Өнөөдрийн Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч бид ирээдүйдээ итгэлтэй, зоримог ажиллаж байна. Улстөрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг.Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй. Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон. Концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулж байна. Заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй, Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан. Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарч байгаа валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.