Баруун бүсийн тулгуур төв олон vндэстэн, ястны өлгий нутаг Ховд аймаг бол Монгол улсын 21 аймгаас ялгарах өв соёлтой, олон үндэстэн угсаатны түүхэн уламжлал, аж амьдрал, байгаль, цаг уур, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой аймаг юм. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр өнөөдөр хатан Хар ус нуурын хөвөөнөө Төмөрт хэмээх газар амжилттай эхэллээ.

Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярт Ховд аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт 15 мянга орчим иргэд хөдөлмөрчид оролцож, сум бүрийн онцлог, 13 үндэстэн угсаатны хувцас, эдлэл хэрэглэл, мал аж ахуйн салбарын соёлын өвийг харуулсан баярын жагсаал хийлээ.

“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, “Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Б.Хүрэлбаатар, Дарви сумын Мөнгөн аяга багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид оролцож, хүндэтгэлийн үг хэллээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог: Хар ус нууранд 200 орчим зүйлийн нүүдлийн шувууд ирж нутагладаг. Сүүлийн 2 жилийн судалгаагаар нэн ховордсон хотон шувуу 80 гаруй байна. Анх 2009 онд Хотон шувууг хамгаалах, Хар ус нууранд нутаглах, өсөж үржих боломжийг бүрдүүлэх зорилгоор малчдын саналаар бэлчээрийг зүй зохистой ашиглах журам баталж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газрын санаачлагаар 100 гаруй нутгийн иргэд, малчид, төсөл хөтөлбөрийн газрууд хамтран зохион байгуулж байсан уг мөсний баяр 7 .дахь жилдээ ийнхүү баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байна гэдгийг онцлон хэлэв.

Энэ удаагийн мөсний баяр “Байгальд хоггүй аялцгаая” уриан дор зохион байгуулагдаж, гурван сэнхэрийн агуйн онцлогийг шингээсэн мөсөн хотхон бий болгосноороо онцлог байлаа. Мөн мөсний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан урлагийн тоглолт, төрөл бүрийн үйлчилгээ, уралдаан тэмцээн болж байна. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн зүгээс Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох Алтай ятга, хэл хуур, цуур, икэл, шагай зэргийг тоглож, “Жангар” хамтлаг “Алтайн магтаал” хайлж, үүн дээр 13 алтай, 33 оргилоо аргадан 33 эмэгтэй цай, сүүнийхээ дээжийг цацал болгон өргөв. Мөн 13 бүжигчин алтайгаа аргадаж, байгаль дэлхийгээ магтан “Бөөгийн бүжиг” бүжиглэж, 60 гаруй уран бүтээлчид, иргэд хамтран Хүннү гүрний үеэс гаралтай “Тойрон бүжиг”, бий биелэгээ хийв.

Түүнчлэн өнөөдөр мөсний баярын тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулсан бөгөөд маргааш буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр мөсний баяр үргэлжилж шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулах юм.

                                                                                                                                                                Н.Лхагва

 

- share

Сэтгэгдэл (0)