ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Ховд аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж салбарынхаа мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонслоо. Түүний хувьд яамнаас баримталж байгаа бодлого чиглэлүүд, Засгийн газраас ХАА-н салбарт хэрэгжүүлэх “Мах, сүүний аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. Ховд аймгийн тухайд төвлөрөл сайтай аймгуудын нэг. Энэ хэрээр ХАА-н салбарын хувьд ажил нь жигдэрсэн гэж хэлж болно. Тус аймгийн хувьд ХААГ-ын барилга нь нэлээд муудсан учраас яаманд удаа дараа байраа шинэчлүүлэх асуудлаар санал хүсэлтээ уламжилсаар ирсэн байна. Тус байгууллагын албан контор, лабораторийн барилга нь 1969 онд ашиглалтад орж, аймгийн МХГ-ын 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. ХХААХҮЯ-ны хувьд “Атрын III” аяны хүрээнд ОХУ-аас 10 сая доллор, Беларусь улсаас 5 сая доллорын бага хүүтэй урт хугацааны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахаар шийдвэрлэсэн. Энэ нь газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжөө сольж, тариалалт, үйлдвэржилтээ өргөтгөх, бүтээгдэхүүний өсөлтөнд ахиц гарах боломжийг нээж байгаа юм.