ЖАРГАЛАНТ СУМЫН "ОЮУНЫ УНДРАА" НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО. Ховд аймгийн ууган цэцэрлэг болох "Оюуны ундраа" 1 дүгээр цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан. Цэцэрлэгийн барилга нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудан, нуралт үүсэх эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлт гарсан тул сүүлийн 3 жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Орон нутгийн удирдлагууд иргэдийн саналыг авсаны үндсэн дээр алслагдсан гэр хорооллын хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах үүднээс тус цэцэрлэгийн шинэ барилгыг Тахилт багийн нутагт барьж байгуулан ашиглалтанд хүлээлгэн өгч өнөөдөр нээлтийн туузыг хайчиллаа.

"Оюуны Ундраа" 1-р цэцэрлэгийн шинэ барилгын нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон тус цэцэрлэгийн үе үеийн эрхлэгч, ахмад баш нар, цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн туузыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлагаар нээлтэнд оролцсон дарга нар биш харин тус цэцэрлэгт ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл, эрхлэгч, эцэг эхийн төлөөлөлүүд хайчилсан юм.

Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд 6 цэцэрлэг барьж, цэцэрлэгийн хамран сургалтын хувийг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Тэгвэл 2017 оноос хойш Ховд аймаг 4 дэх шинэ цэрэрлэгээ ашиглалтанд оруулаад байна. Ингэснээр 2016 онд 81,7 хувьтай байсан сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдэж 82,4 хувь болж байна.

Жаргалант сумын "Оюуны ундраа" 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг "Улаан дөл" ХХК 1 тэр бум 800 сая төгрөгөөр концессийн гэрээгээр барьж ашиглалтанд оруулсан байна.

- share

Сэтгэгдэл (0)