Дэлхийн Зөн Солонгос Олон Улсын Байгууллага нь аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнтэй танилцах зорилгоор Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Но Ховд аймагт ажиллаж байна.

ЦААШИД АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ, ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЭВ

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Нотой уулзаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах төсөл, боловсрол, хүүхэд хамгааллын төслийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Ховд аймаг нийгмийн салбартаа 17 дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн салбар бүрийн хөгжилд Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг болохыг онцолж, цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.

Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь манай аймгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор жилд дунджаар 20 орчим эдийн засгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөртэй уялдуулан Жаргалант сумын хэмжээнд 100 өрхийг мэргэшүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлалыг 17 сум, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Но өнөөдөр аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүд болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.

                                                                                                                                                                                                  Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)