Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2017 оны ололт, амжилт, тулгамдсан асуудлыг дүгнэж, 2018 онд эрүүл мэндийн засаглал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор “Эрүүл мэндийн даатгалыг -иргэн бүрт” сэдэвт салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг гуравдугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнд аймгийн Эрүүл Мэндийн Газар, БОЭТ, Зооноз өвчин судлалын төв, 14 сумын Эрүүл Мэндийн Төв, сумдын Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллагын эмч, мэргэжилтэн, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар оролцож хүндэтгэлийн үг хэлсэн ба эрүүл мэндийн эмч, ажиллагсдын хийж бүтээсэн ололт амжилтанд талархаж, цаашид орон нутгийн төр захиргааны байгууллагаас эрүүл мэндийн асуудлыг хамтран шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурласан тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх талаар чухалчилж, амжилт хүслээ. Мөн зөвлөгөөнд урилгаар Монгол улсын гавъяат эмч Ж.Даваабал, С.Цэвээнсүрэн, П.Бямбаа, С.Даваахүү нар оролцож байна.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өчигдөр нүүр тулсан ярилцлагаар эхэлсэн бөгөөд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч эмч нар оролцсон байна. Зөвлөгөөний хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, сүрьеэ өвчний эрт илрүүлэг, цаашид анхаарах асуудал, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний онцлог нь аймгийн эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын дагуу “Эрүүл мэндийн даатгалыг -иргэн бүрт” сэдвээр онолын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг илрүүлэх, 2018 онд хийх ажлын арга замыг тодорхойлох бүлгийн ажлыг зохион байгуулж, нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрсэн явдал байлаа. Мөн цаашид хамтран ажиллах талаар олон шинэ санаа, шийдвэрүүдийг олж мэдсэн ач холбогдолтой зөвлөгөөн боллоо гэдгийг эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд  онцлов.

Н.Лхагва


- share

Сэтгэгдэл (0)