Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баруун бүсийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Мөрдэстэй бүсгүйчүүд-2018" олон төрөлт тэмцээн гуравдугаар сарын 05-ны өдөр Цэргийн гавъяаны улаан тугийн одонт ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн жагсаалын талбай, соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Аймгийн хүчний байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, мөрдэстэй бүсгүйчүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбар нийт 5 байгууллагын 40 эмэгтэй албан хаагч оролцож, урлаг, спортын 5 төрлөөр авъяас чадвар, хурд хүч, оюун ухаанаа дайчлан өрсөлдсөн юм.
“Мөрдэстэй бүсгүйчүүд-2018” олон төрөлт тэмцээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, ОБГ-ын дарга, хошууч Б.Алтанбадралт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч М.Болдбаатар болон хууль хяналт, хүчний байгууллагуудын удирдлага, алба хаагчид оролцож, Улс эх орныхоо энхийг хамгаалах үйлст хүчин зүтгэж яваа мөрдэс зүүсэн дайчин бүсгүйчүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
“Мөрдэстэй бүсгүйчүүд-2018” тэмцээн нь жагсаалын үзлэгээр эхэлсэн бөгөөд багийн мэндчилгээ, урлагийн номер, жүжигчлэсэн тоглолт, буухиа тэмцээн зэргээр үргэлжилж, эхний гурван байрыг шалгаруулсан ба шүүгчээр Цэргийн штабын офицер, дэд хурандаа Б.Батмөнх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Жавзанхорлоо, ХДТ-ын жүжигчин Б.Отгонхишиг нар ажиллав.
Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Б.Одончимэг ахлагчтай “Соёмбо” баг, дэд байранд Цагдаагийн газрын Т.Цэрэндулам ахлагчтай “Шонхор” баг, гуравдугаар байранд ШШГГ-ын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Г.Гантуяа ахлагчтай “Сүлд” баг тус тус шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.
Энэ удаагийн тэмцээнд сум орон нутгаас буюу Булган сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбарын эмэгтэй албан хаагчид анх удаа оролцож, цэргийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлог боллоо гэдгийг зохион байгуулагчид тэмдэглэн хэлэв.

                                                                                                                                                              Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)