Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Эмэгтэйчүүдийн эрх” сэдэвт асуудал дэвшүүлсэн уулзалт-хэлэлцүүлгийг 03 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Орон нутгийн эмэгтэйчүүдийн эрхийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой уг хэлэлцүүлэгт Ховд аймгийн 17 сумын салбар бүрийн төлөөлөл 350 орчим эмэгтэйчүүд оролцлоо. Мөн хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр нар оролцов.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хэлсэн үгэндээ ачааны ихэнхийг үүрч, ургах нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс Монгол улс төдийгүй аймаг орон нутгийн ирээдүй ихээхэн хамаарах бөгөөд эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй байж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь улс орныхоо хөгжилд оруулах үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж, баяр хүргэлээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нийгэм, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг, оролцоо хөгжлийн нэг тулгуур болох талаар, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг орон нутаг дахь эмэгтэйчүүдийн эрхийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар тус тус мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогч эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонсов.

СУМ ОРОН НУТАГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХҮСЭВ
Цэцэг сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн н.Алтантуяа: орон нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлэг, нэгдсэн арга хэмжээнүүдийг сум орон нутагт зохион байгуулах тухай санал гаргав.

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛЫГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
Зэрэг сумын Эхэн багийн малчин Н.Марууш: эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудыг чадваржуулах, сургалт нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, эмэгтэйчүүд үр хүүхдээ ёс суртахуунтай, оюунлаг иргэн болгон төлөвшүүлэх, Монгол ёс заншил, нүүдэлчин ахуйн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, хүмүүжлийн эерэг аргыг ашиглах, химийн найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, Монголд үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх зэрэгт эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай байгааг онцлон дурьдав.


СУМ ОРОН НУТАГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Дуут сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл Х.Мөнхтуяа: сум орон нутагт эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий төсөвт байгууллага байхгүй байна. Тиймээс эмэгтэйчүүдийн дуу хоолой, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр идэвхтэй ажилладаг байгууллагатай болох талаар санал гаргав.

МЭДЭЭЛЛИЙН ЭРҮҮЛ, ЭЕРЭГ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Жаргалант сумын Магсаржав багийн иргэн А.Наранцэцэг: угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, нийгмийн сөрөг хандлагыг бууруулах, мэдээллийн эрүүл, эерэг орчныг бий болгоход шат шатны байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй гэв. Мөн хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах, өсвөр үеийн охид, эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, жил бүрийн “Манлай гэр бүл”-ийг шалгаруулж байх зэрэг саналыг оролцогчид уламжлав.

Эдгээр саналд үндэслэн улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, газар тариалан, нийгмийн салбар дахь эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг оролцоо, нийгмийн үнэлэмж, ажлын байрны тогтвор суурьшилд нөлөөлж буй асуудлыг хөндөх, хүн амын эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, орон нутаг дахь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх, зорилтот бүлгийн гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд зориулсан нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд зөвлөмжийн төсөл гаргалаа.

МАНАЙ АЙМГИЙН АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 54 ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА
Хүн амын статистик тоон үзүүлэлтээр аймгийн нийт хүн ам 87325 болж, өнгөрсөн оныхоос 2.6 хувиар өссөн. Нийт хүн амын 43600 буюу 49.9 хувь нь эрэгтэй, 43725 буюу 50.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн нийт өрхийн тоо 21918 болж, өмнөх оныхоос 212 өрхөөр буюу 1,0 хувиар өссөн байна. Эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоо 2854 болж, манай аймагт өрх толгойлсон эмэгтэйчүүд 2017 оны жилийн эцсийн байдлаар 2009 оныхоос 22 хувиар өсчээ. Ажилгүй иргэдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 54 хувь байгаа нь тэд ядууралд илүү өртөх нэг шалтгаан болж байгаа бөгөөд бага цалинтай үйлчилгээний ажлыг эмэгтэйчүүд ихэвчлэн эрхэлж байгаагаас эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс доогуур байгаа аж. Мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, эх хүүхдийн эндэгдэл өндөр байна. Сүүлийн 3 жилийн дунджаар улсын хэмжээнд эхийн эндэгдэл зуун мянган амьд төрөлтөнд 35.0 байгаа бол, Ховд аймгийн хэмжээнд 58.9 буюу 23.9 хувиар өндөр байгаа талаар албаныхан мэдээллэв.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг Даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж, гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгааллыг сайжруулах хүрээнд Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах “Хамгаалах төв”-ийг стандартын дагуу байгуулах, “Гэр бүлд зөвлөгөө өгөх” төвийг стандартын дагуу тохижуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах, ”Гэрэлт ирээдүй-Хадгаламж” бүтэн өнчин хүүхдүүдэд олгох тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн төлөө сан” байгуулж хүнд нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмыг боловсруулан мөрдүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулах талаар аймгийн удирдлагууд ярьлаа.

Мөн Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог бүх талаар дэмжиж, орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд “Гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих” дэд хөтөлбөр, ”Зөв хөдөлмөрч залуу” залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, “Жендэрийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажээ.

“Эмэгтэйчүүдийн эрх” сэдэвт асуудал дэвшүүлсэн уулзалт-хэлэлцүүлгийн онцлог нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээ биш, харин орон нутагт эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудлуудыг цогцоор хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон явдал юм. Хэлэлцүүлгийн үр дүнд зорилтот гэр бүлд чиглэсэн үйлчилгээ, иргэдэд үзүүлэх нийгмийн хариу үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, холбогдох хуулийн хэрэгжилт, салбар байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлов.

НЭР БҮХИЙ 16 ЭМЭГТЭЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
Хэлэлцүүлгийн төгсгөлд аймаг орон нутгийн хөгжил, хойч үеийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө ачааны ихэнхийг үүрч байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр нэр бүхий 6 хүн, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр нэр бүхий 5 хүн, Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий 5 хүн нийт 16 эмэгтэй шагнагдаж, энгэрийн тэмдэг, өргөмжлөл гардан авав.

                                                                                                                                                                                   Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)