Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх багийг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, мэргэжлийн боловсролын байгууллагуудын салбар зөвлөлийн хамтын ажиллагааг сайжруулах, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зорилготой “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл: орон нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт сургалт-семинар өнөөдөр Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд боллоо.

Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Европын холбооны ТМБССД-2 төсөл, Швецарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хамтран зохион байгуулагчаар Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллаж байна. Тус сургалтанд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөл болон нийгмийн салбарын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн 24 хүн хамрагдаж байна.

Сургалтын чиглүүлэгчээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Үндэсний зөвлөх Д.Нармандах, төслийн зөвлөх Д.Бүжинлхам нар ажиллаж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон ба чанарын судалгаа, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар мэдээлэл хийлээ.

Сургалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг үг хэлэхдээ: Ховд аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүн ам 33,8 мянга, үүнээс 20-35 насны залуучууд 18,5 мянга буюу 54,7 хувийг эзэлж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн ажилтны тоог нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах, “Зохистой ажлын байр”-ыг дээдэлсэн аймаг болох зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар жил бүр шинэ ажлын байрыг 500-аар нэмэгдүүлж, аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийх арга хэмжээг тусгаж, “Зөв хөдөлмөрч залуу” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа талаар ярив.

Мөн аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 760 аж ахуйн нэгж, байгууллагад 13632 иргэн ажиллаж байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч 7000 гаруй иргэн байна. 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй 1965 ажил хайгч иргэд байгаагаас 444 хүн буюу 23 хувь нь дипломын болон баклаврийн зэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин байгаа гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн төгсөгчдийн ажлын байрны хангалт сүүлийн 3 жилийн дунджаар 60 гаруй хувь, Ховд их сургуулийн 600 гаруй төгсөгчдөөс 37,3 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд үүнээс 20,6 хувь нь мэргэжлээрээ, 11,2 хувь нь мэргэжлийн бус, 5,6 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа юм. Дээрх статистик мэдээллээс дүгнэхэд Ховд аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоогүйгээс боловсон хүчний илүүдэл үүсч, нөгөө талаас ажилгүй иргэдийн тоо өсч, сүүлийн 3 жил дараалан нэмэгдээд байна. Иймд аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийх нь хүн ам ялангуяа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлого, үйл ажиллагаа зохион байгуулахад оновчтой саналыг тусган хэрэгжүүлэх ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэллээ.

Тус сургалтын хүрээнд Европын холбооны ТМБССД-2 төслийн удирдагч Дэвид Пеэрсон Мэргэжлийн боловсрол, сургалтын шилдэг туршлага түгээн дэлгэрүүлэх төслийн талаар танилцуулав. Мөн оролцогчид 2-3 бүлэгт хуваагдаж, аймаг, сумын хэмжээнд өөрсдийн санаачлагаар цуглуулж буй орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл болон орон нутагт хэрхэн ашиглах талаар эрэлт хэрэгцээний жагсаалт гаргаж байна.

                                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)