Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөнд 95 байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар оролцохоос 67.3 хувийн ирцтэйгээр хуралдаж, зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар удирдан явууллаа. Зөвлөгөөний хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажлын айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл хийв. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 19-ний өдөр Ховд аймагт ажлын айлчлал хийх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Ховд их суруулийн үйл ажиллагаатай танилцаж, Хөгжимт Драмын Театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм. Мөн Эрдэнэбүрэн сумын “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих Шижигтийн  хавцал хэмээх газар очиж танилцана.

Мөн ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд иргэдийг хоггүй орчинд амьдрах сэдлийг бий болгох, хог хаягдлын хор уршиг, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сурталчлан таниулахад ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын идэвх оролцоог сайжруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн намар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар  болж, бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийг идэвх санаачлагатай оролцохыг уриалав.

 


                                                                                                     Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)