Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалт аймгийн Засаг даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн өргөөнд болов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан бөгөөд Эрдэнэбүрэний УЦС-ийн ажлыг эхлүүлэх, БОЭТ-ийн оношилгооны корпусын барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг яаралтай эхлүүлэх, БОЭТ-ийн одоогийн барилгын их засварын 300,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, засварыг яаралтай хийж дуусгах, Ховд хотын жилээс жилд өсөн нэмэгдэж буй “Ховд дулааны станц”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах тав тухтай орчин бүрдүүлэхэд шаардлагатай дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх, ТОСК-ийн санхүүжилтээр түрээсийн 72 айлын орон сууц барих, баруун бүсийн аймгуудын иргэдийн гол унаа болох дотоодын онгоцны нислэгийг, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, онгоцны шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болгох замаар иргэдийн нислэгийн тийзний үнийг 10-20 хувь хямдруулах зэрэг асуудлуудын талаар санал хүсэлт уламжлав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: "Монгол улсын Засгийн газрын тэргүүнээр ажилласан үеэс эхлэн дараах хоёр чиглэл дээр анхаарч ажилласан бөгөөд энэ дагуу шат шатны удирдлагууд болон төрийн алба хаагч та бүхэнд үүрэг болгож албан даалгавар хүргүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, нэгд, Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хоёрт, Эдийн засгийн уналтыг зогсоож өсөлтийг бий болгох гэсэн чиглэлүүд дээр голлон бодлогоо чиглүүлж ирсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны сүүлийн эдийн засгийн үзүүлэлтээс харахад эдийн засаг сэргэх хандлагатай болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 оны эхэнд 1,2 хувьтай байсан бол 2017 оны сүүлийн мэдээгээр 5.2 хувьд хүрсэн. 2019 он гэхэд 8 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг биелүүлж эдийн засгийн өсөлтийг бий болгоход хувиараа бизнес эрхлэгч иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс аймгийн удирдлагууд орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах шаардлагатай. Мөн төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагч та бүхэн бол ард түмний татвараар санхүүжигдэж байгаа үйлчлэгчид учраас ард түмэнд үйлчлэх ёстой. Тиймээс Засгийн газрын энэхүү бодлого шийдвэрийг мөрдлөг болгож, шат шатандаа хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг онцлон хэлье" гэв.

 

Түүнчлэн Засгийн газрын тэргүүний хувьд тэрээр цаашид дараах гурван зүйл дээр улс орныхоо бодлогыг чиглүүлэн ажиллахаа онцлон хэллээ. Үүнд: Нэгд, Ард иргэдийг дотоодын эрүүл хүнсээр хангах, Хоёрт, дотооддоо эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болох, Гуравт, Дотооддоо нефтийн хэрэгцээгээ хангадаг байх зэрэг асуудлуудыг нэн тэргүүний бодлого болгон ажиллахаа онцолсон юм.

 

Энэхүү уулзалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Батнасан ажиллаж байгаа бөгөөд тэрээр Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг эхлүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд тус станцын ажлын судалгаа, шинжилгээний ажил ямар шатанд яваа талаар холбогдох хүмүүст асуулга тавьсан юм.

- share

Сэтгэгдэл (0)