Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй Хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Уулзалтанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн О.Батнасан, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон зарим Яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцов.

Уулзалтын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулсан бөгөөд бусад салбарын сайд нарын зүгээс салбарынхаа бодлого чиглэл, орон нутагт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ: “Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн засвар шинэчлэлийн ажилд 68.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ба Жаргалант 12 жилийн 3 дугаар сургуулийн их засварын ажлыг шийдвэрлэж ажиллана” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулсан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулсан. Уг зөвлөгөөний хүрээнд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх 43 саналыг багш нар гаргасан байдаг. Үүнээс 23 саналыг нь 2018 онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэбүрэн, Буянт сумын сургууль, Музейн их засвар зэргийг шийдвэрлэхээр 10-40 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг манай аймагт хийхээр төлөвлөсөн талаар мэдээллэв.

Уулзалтын үеэр 26 иргэн санал хэлсэн ба 20 орчим иргэн бичгээр санал хүсэлтээ уламжласан байна. Иргэдийн санал хүсэлтээс онцлоход, Дулааны II станцын ажилтан н.Хишигжаргал: залуучуудын ажлын байр болон цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Учир нь нийгэмд ажлын байр хомс, өрхийн орлого бага байгаагаас шалтгаалаад гадаад |Солонгос| улсад очиж ажиллах хүсэлтээ залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ. Мөн Жаргалант сумын "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг шинэ байртай болсонтой холбогдуулан тус цэцэрлэгийн эцэг эхчүүдийг төлөөлж “Нэг сая+ нэг 1000” аяныг эхлүүлсэн бөгөөд бяцхан үрсийнхээ төлөө уг аянд идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхныг билэгдэж иргэн н.Хишигжаргалын эхлүүлсэн “Нэг сая+ нэг 1000” аянд нэгдэж, нэг сарынхаа цалинг хандивлахаар болов.

Мөн иргэдийн зүгээс цэвэрлэх байгууламжийг түшиглэсэн цементний үйлдвэр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн ордон” барих талаар санал гаргасан бөгөөд агаарын бохирдол, байгаль орчны бохирдлыг бууруулах, малын бэлчээрийг хамгаалах, ус ашиглалтыг зүй зохистой болгох, Булган сумын хил гаалийн ачааллыг багасгах, эмийн үнэ тарифийг хямдруулах, Монгол малыг чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, гэр хорооллын бүсийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьлаа. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар, аймаг орон нутгийн удирдлагын зүгээс иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлаж ажиллана гэж хэллээ.

                                                                                                                                                   Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)