Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур бөгөөд эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Энэ утгаараа Хүний эрхийн Төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ), Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс болон Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас НҮБ-ын өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны тайланг 2018 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын санал, дүгнэлтийг сонсох зорилгоор “UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт” хэлэлцүүлгийг баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт зохион байгуулж байна. Эхний хэлэлцүүлэг Төв аймагт болсон бөгөөд хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг ийнхүү Ховд аймагт болов.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцож, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-аас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа тухай харилцан санал солилцов. Тус хэлэлцүүлэг нь хүний эрхийн хэрэгжилтийн асуудалд орон нутгийн төр, төрийн бус байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсох, саналыг тусгах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд Гадаад харилцааны яамны Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ч.Нарантуяа, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүн байгууллага Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн туслах Б.Үүрийнтуяа нар “Монгол улсын Засгийн газрын тайлан”, “Хүний эрхийн үндэсний байгууллагын тайлан”, Хүний эрхийн ТББ-уудын Форумын тайлан” сэдвээр мэдээлэл хийж, Иргэний болон улс төрийн эрх, Эдийн засаг, нийгэм, соёлын эрх, Бүлгийн эрх гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгууллаа.

Салбар хуралдааны үеэр оролцогчид Хүний эрхийн ТББ-уудын форумын салбар бүлгийг орон нутагт байгуулах, иргэний эрхийн талаар сургалт, дугуй ширээний уулзалт зохион байгуулах, шүүгч, өмгөөлөгчдийн ур чадварыг сайжруулах, хүний эрхийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах, ялгаварлан гадуурхалттай холбоотой хүний эрхийн зөрчлийг бууруулах зэрэг санал хэлэв. Мөн хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, бэлчээрийн хомсдол, эмэгтэйчүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчил, өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдэл, түүний шалтгаан ба өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөж ярилцлаа.

                                                                                                                                                                                             Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)