Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-өлгий аймгийн Толбо сум “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол” хангаж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд ирүүлсэн байна. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор Улсын тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх 5 суманд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баян-өлгий аймгийн Толбо сумаас ажлаа эхэллээ.

Ажлын хэсгийн даргаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, гишүүдээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Энхбат, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-эрдэнэ тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.

Улсын тэргүүний сум шалгаруулах ажлын хэсэг Толбо сумын ЗДТГ-ын иргэний танхимд анхны хурлаа зохион байгуулж, сумдын ажил дүгнэх аргачлалын талаар ярилцаж нэгдсэн ойлголттой болж, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлт болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтанд үнэлгээ хийв. 
Үнэлгээний дүнг 04 дүгээр сарын 04-ний өдөр Баруун бүсийн зөвлөлийн хуралд танилцуулах юм. Уг ажлын хэсэг  03 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд ажиллана.

                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)