Увс аймгийн Наранбулагийн Харганатын төмрийн хүдрээс тээвэрлэлт хийж Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам буюу Мянгадын гүүрнээс Бодончын хавцлаар явах тээврийн үйл ажиллагааг 4 сарын 1-ээс зогсоохоор болсонтой холбогдуулан өнөөдөр талуудыг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдав. 
Тус хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх ахалж холбогдох газруудын төлөөлүүдийг байлцуулан үүсч буй зөрчил, дутагдал болон Монгол улсын хууль журмын хэрэгжилт, замын нөхцөл байдал, байгаль орчны эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч үүрэг чиглэл өглөө. Учир нь замын эвдрэл гэмтэл гарч байгаатай холбогдуулан мөн газар гэсч байгаа энэ үед дээрх чиглэлийн замаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийснээр тухайн замд эвдрэл гэмтэл ихээр гарах эрсдэл тулгарч байгаа юм. Мөн Босоо тэнхлэгийн авто зам нь нийтийн зориулалттай авто зам учраас энэ замаар уул уурхайн зориулалттай хүнд даацын автотээврийн үйлчилгээ явуулах нь хуулиар хоритой байдаг байна. 
Гэтэл тус уурхайн үйл ажиллагаа эрхлэгч компани болон тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тээвэрчдийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Үүнд аймгийн төр захиргааны байгууллагын зүгээс дараах хариултыг өглөө. Тухайлбал, “Босоо тэнхлэгийн энэхүү автозам бол монгол улс тэр дундаа Ховдчуудын татвараас цаашид төлөгдөх бүтээн байгуулалтын ажил учраас энэ замыг бид аль болох урд удаан хугацаанд үр ашигтай ашиглах ёстой. Тиймээс Монгол улсын хууль тогтоомж, аймаг орон нутгийн Засаг захиргааны байгууллагын гаргасан шийдвэр тогтоомжийг хуулийн хүрээнд дагаж биелүүлэх нь та бүхний үүрэг. Та бүхэн хуулийн хүрээнд бичиг баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлээд технологийн дагуу замын маршрутаа гаргаад тээвэрлэлтээ хийх ёстой” гэдгийг онцлон мэдэгдэв. 
Тодруулбал, тус уурхайн тээвэрлэлт хийж байгаа компани аж ахуй нэгж нь “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй” байгаа юм. Тиймээс дээрх үнэлгээ, төлөвлөгөөг бүрэн гүйцэд хийлгэн, хууль журмын дагуу холбогдох аймаг, сумуудын нутгаар тээвэрлэлт хийх гэрээ байгуулан хамтран ажиллах ёстой юм. 
Тиймээс тээвэрчид болон дээрх аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад энэхүү шийдвэрийг хүргүүлж, хяналт тавин ажиллахыг Цагдаагийн газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгов. Өөрөөр хэлбэл, Мянгадын гүүрнээс Бодончын чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын гүүрнүүд нь 44 тн-ын даацтай учраас энэхүү зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэр хийхийг хориглов. Дашрамд дуулгахад Ховд аймгийн хатуу хучилттай автозамаар хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийхдээ замын даацад нийцүүлэн тээвэр хийхийг нийт тээвэрчдэд анхаарууллаа.

- share

Сэтгэгдэл (0)