Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сум нэр дэвшиж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгах, дүгнэх зорилгоор “Улсын тэргүүний сум шалгаруулах” Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг тав дахь сум болох Булган суманд 04 дүгээр сарын 02-ны өдөр ажиллалаа.

Ажлын хэсгийн даргаар Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, гишүүдээр Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-эрдэнэ, Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

Энэ үеэр ажлын хэсгийнхэн улс, эх орноо хамгаалах хэрэгт гарамгай гавъяа байгуулж, баатарлагаар тэмцэж байгаад амь үрэгдсэн Ховд аймгийн Булган сумын иргэн Баясгалангийн Бадам, ахмад дайчин Энхийн Шилэгийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Булган сумын Засаг дарга Б..Амгаланбадрах сумынхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, онцлох ажлуудын талаар мэдээлэл хийв.

Түүнчлэн ажлын хэсгийнхэн Сорхугтани хатны цэцэрлэгт хүрээлэн, музей, байтаг багийн гүүр, Монгол улсын аварга тариаланч С.Баастын жимс жимсгэний мод, ургацын талбайг үзэж сонирхсон юм.

Мөн МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлт болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийв.

Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ховд аймгийн тэргүүний Булган сум нь мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, газар тариалан зонхилсон эдийн засагтай бөгөөд торгууд, казах ястан үндэстэн голлон амьдардаг. 2439 айл өрх, 10126 хүн амтай. Засаг захиргааны 6 багтай.

- share

Сэтгэгдэл (0)