Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар аймгийн Эрүүл мэндийн салбарын харъяа байгууллагын төсвийн захирагч, нягтлан бодогч нарын төсөв, санхүүгийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, төсөв санхүүгийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

Сургалтанд БОЭТ, Булган сумын Нэгдсэн эмнэлэг, Мөст сумын Сум дундын эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Зооноз өвчин судлалын төвийн дарга, эрхлэгч, нягтлан бодогчоос бүрдсэн нийт 47 хүн хамрагдав.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар оролцож, Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын 2017 оны онцлох ажлууд, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Мөн өнгөрсөн 2017 онд Эрүүл мэндийн салбарын харъяа байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, 2018 онд тус салбарт хөрөнгө оруулалт сайн тусгагдсан талаар онцлон хэллээ.

Түүнчлэн Мөст, Дөргөн, Мөнххайрхан сумуудад галзуу өвчний тархалт илэрсэн байна. Тухайлбал, Мөнххайрхан суманд нэгэн малчин өрхийн хотонд 24 мал галзуу өвчнөөр хорогдсон талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллэв. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад галзуу өвчнийг таслан зогсооход чиглэсэн яаралтай арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, салбарын хяналт шинжилгээг сайжруулахыг анхаарууллаа.

“Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах нь” сургалтын хүрээнд Эрүүл мэндийн салбарын харъяа байгууллагуудын төсөв, Санхүү аудитаар гарсан зөрчил, цаашид анхаарах асуудлууд, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварын хуулийн шинэчлэл, Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ, хөрөнгийн ашиглалт хамгаалалт, түүнд тавих хяналт, баримт бичиг боловсруулах журам, стандартыг мөрдөх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

- share

Сэтгэгдэл (0)