Стандарт, хэмжил зүйн газраас “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн танилцуулга сургалтыг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Засаг Д.Галсандондог болон Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн газрын удирдлага, мэргэжилтнүүд, тус хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл 50 орчим хүн оролцож байна.

Монгол улсын Засгын газраас “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулж Улсын Их Хуралд өргөн барьснаар байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэн баталж, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг улс орон даяар танилцуулах, сурталчлах ажлыг 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа юм.

Энэхүү сургалтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Долгормаа нар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг боловсруулах үйл явц, зарчмын шинжтэй өөрчлөлтүүд, шинэчлэн найруулсан хуулийн үндсэн зарчим, үзэл баримтлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэл, заавал баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүн, түүний аюулгүйн тэмдэг, баталгаажуулалтын схем, стандартчилал тохирлын үнэлгээний салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах талаар мэдээлэл хийлээ. Мөн Стандарт, хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг хэлэхдээ: 2003 оноос эхлэн мөрдөж буй “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нь “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг өргөжүүлж, гадаад, дотоод худалгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн суурь техникийн баримт бичиг болох стандартын эрх зүйн хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх явдал байсан”-ыг онцлоод, ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” нь дээрх зорилтыг бүрэн тусгасан гэв.

- share

Сэтгэгдэл (0)