Ховд аймгийн “Булган сумын Соёлын өдөр” 9 сарын 30-ны өдөр Ховд хотноо зохион байгуулагдлаа. Сумын соёлын өдрийг тохиолдуулан Ард аюушийн талбайд сумын онцлогыг харуулсан дуу, хуур, бүжиг, бий биелгээг үзэгч олонд толилууллаа. Мөн сум орон нутгийн тухай гаргасан номын үзэсгэлэн зохион байгуулав. Үргэлжлүүлээд аймгийн ХДТеатрт нэгдсэн концерт хийж сум орон нутгийн онцлог болсон уран бүтээлийн дээжүүдээс толилуулж үзэгч олноо хүргэлээ. Уг концертийн үеэр өдгөө 87 нас хүрч яваа сумын ахмад бий биелээч, уран бүтээлч н.Домоо гуай СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд сум орон нутагтаа соёлын биет бус өвийг хадгалан үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь ийнхүү үнэлсэн байна. 
Булган сум нь мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, газар тариалан зонхилсон эдийн засагтай. Торгууд, казак угсаатан голлон амьдардаг, 2439 айл өрх, 10126 хүн амтай Монгол улсын томоохон сумуудын нэг юм. 
Булган сум нь Жудар, Эрээн хавирга, Их агсал, Хэлхээ агсал, Ховог, Цацал зэрэг бие биелгээгээр алдартай. Алдарт биелээч М.Пүрэвжал, МУГЖ Б.Дугараа нар хойч үедээ бий биелгээ өв соёлыг өвлүүлэн үлдээхэд их хувь нэмэр оруулсан байдаг. Мөн торгуудын алдарт урт, богины 300 гаруй дуу, нутаг устай холбоотой 80 гаруй дуу зохиогдсон байдаг гээд өв их соёлтой ард түмэн юм.

- share

Сэтгэгдэл (0)