Дөргөн сумын ИТХ, сумын ЗДТГ, сумын Нутгийн зөвлөл хамтран сум орон нутгийнхаа түүх, соёлыг сурталчлах, Дөрвөд угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дөргөн сумын соёлын өдөр” арга хэмжээг энэ сарын 15-ны өдөр аймгийн Хөгжимт Драмын театрт зохион байгууллаа.

“Дөргөн сумын соёлын өдөр”-ийн хүрээнд “Дөрвөд түмний дуун цацал” тайлан тоглолтыг зохион байгуулсан бөгөөд 45 уран бүтээлч оролцсон юм. Мөн орон нутгийнхаа түүх, соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулах зорилго бүхий “Алдартнуудын фото зургийн үзэсгэлэн”, сумын онцлог, зан заншил, өв соёлыг илэрхийлсэн байгалийн дурсгалт газрын бүртгэл мэдээллийн цахим сан, Дөрвөд үндэсний хувцас, гар урчуудын бүтээл, цагаан идээ, нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, сумын гэр музейн 62 төрлийн үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Дөргөн сумын ИТХын дарга, Засаг дарга болон нутгийн зон олон оролцов. Энэ үеэр сумаа сурталчлах арга хэмжээнд санаачилгатай, амжилттай оролцсон зарим ардын авьяастнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал болон салбар байгууллагуудын шагналыг гардууллаа.

                                                                                                                                                                               Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)