Аймгийн засаг дарга Б.Дүгэржав ажлаа аваад нэг сар орчим хугацаа болж байна. Тэрээр шинэ ажилтайгаа танилцаад хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил болон аймаг орон нутагт юун түрүүнд тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан дараах албан даалгавар гаргаж аймгийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү албан даалгаварт цаг үеийн ажлыг эрчимжүүлж, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах тухайн онцлон тусгасан байна. 
Шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “ард иргэд төрийн албан хаагч, төрийн байгууллагуудаас их зүйл хүлээхгүй байгаа. Гагцхүү та бүхнийг тэгш хүртээмжтэй ажиллах, соёлтой, түргэн шуурхай үйлчлэх арга барилыг хүсч байгаа шүү” гэдгийг онцлон хэллээ. Мөн тэрээр “Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлж байгаагаа уламжлан нийт удирдлагуудад хандан хариуцлагатай, ил тод ажилллахыг онцгойлон анхааруулав. Албан даалгаварт дараах 12 асуудлыг үүрэг болгон Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг үндэслэн ДААЛГАХ тухай тусгасан байна. 
1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сум, байгууллагын дарга, удирдлагуудад: 
1.1.Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм, сахилга, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэн хүнд суртлыг бүрэн арилгаж, авлигаас ангид байж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ ижил тэгш, зөв шударга, боловсон, найрсаг харилцааг хэвшил болгон иргэд хөдөлмөрчид, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай шийдвэрлэж, хариу мэдэгдэж байх,
1.2. Төрийн албан хаагчдаас Төрийн албаны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм, журам зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцох “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөрийн төслийг төрийн үйлчилгээний болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хөдөлмөрчид, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөллийг өргөнөөр хамруулж, хэлэлцүүлэн боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулж, батлуулах, 
2. 2018 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, чанарын шаардлага бүрэн хангуулах: 
2.1. 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээ, бараа материал, худалдан авалтыг гэрээний хугацаанд нь чанартай, сайн гүйцэтгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн хүлээн авч, үр дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулах, 
2.2. Бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ захиалагчаас үл хамааран хугацаа хэтрүүлсэн, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ ажлын тоо, хэмжээг баримтлаагүй, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдтэй холбогдох хууль, журмын хүрээнд хариуцлага тооцож, шаардлагатай тохиолдолд “ХАР” жагсаалтад оруулах талаар Сангийн яаманд санал хүргүүлж ажиллах, 
3. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулж, батлуулах. 
4. Засгийн газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй Мал эмнэлэг байгуулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилтын хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах. 
5.Боловсрол, соёл, урлагийн газар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт: 
5.1. Боловсролын үйлчилгээний шинэ технологи, стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх сумдын сургууль, цэцэрлэгүүдэд бүрэн хангуулж, сургууль, цэцэрлэгийн хөгжилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх “Сургууль хүний хөгжлийн төв” болох төлөвлөгөө боловсруулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, масс сургалтанд анхаарч, ахиц амжилтыг нь тооцон сургалтын чанарыг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх,
5.2. Боловсролын байгууллагууд нь ёс зүйн аливаа зөрчлөөс ангид байж, багш, ажилтан бүр ёс зүйн дүрмийг чанд мөрдөж, сургууль, цэцэрлэгийн орчинд аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, 
6. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн чанарт ахиц дэвшил гаргах, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээний сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, нийт хүн ам, хүүхэд багачуудыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эмнэлгүүдийн эрхлэгч нарт: 
7. Өвөлжилт, хаваржилтыг найдвартай, аюулгүй давах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, ажил, үйлчилгээний найдвартай, тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Ховд дулааны станц ТӨХК, Шим-Ус ОНӨААТҮГ, Дулааны Бадамлах дөл ХХК зэрэг байгууллагуудад: 
8. Нийгмийн хэв журмыг хангах ажлын хүрээнд аймаг, сумдын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эрс сайжруулж, замын орц, гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, камержуулалтад үүссэн зөрчлийг арилгаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн газарт: 
9. Аймаг, сум, байгууллагын хэмжээнд тайлант жилийн орлогыг бүрэн бүрдүүлэн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, зарлагын санхүүжилтийг хангаж, өр, авлагыг барагдуулж, санхүүгийн үр ашиг, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсвийн төслийг бүх шатны төсөвт тусгуулан батлуулах арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төсвийн захирагчдад, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах: 
10. Өвөл цагийн соёл, олон нийтийн ажлын календарьчилсан төлөвлөгөө баталж, байгууллага, салбараараа олон нийтийн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас гарган бүх нийтээрээ биеийн тамир спортоор хичээллэхийг сум, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад, 
11. Агаарын бохирдлыг бууруулах тухай албан даалгаврын биелэлтийг тооцон иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хорт утааг бууруулах ажлыг өргөжүүлж, үр дүнтэй ажил зохион байгуулах: 
12. Өвөлжилтийн бэлтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг сум, байгууллага бүрээр тоон үзүүлэлтээр гаргуулж, шийдвэрлэх зайлшгүй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч, өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангуулж, тайлан, дүн мэдээг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулах: 
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг улирал бүрээр нэгтгэн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг аймгийн Засаг даргын орлогч /Т.Жаргалсайхан/-д, хэрэгжилтийн явцын мэдээллийг сар, улирлаар тооцож хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд ил тод хүргэж ажиллахыг сум, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай” хэмээн албан даалгаварт тусгаад байна.

- share

Сэтгэгдэл (0)