Орон нутагт тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах зорилгоор "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд "Хариуцлагатай, тунгалаг төр" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах анхан шатны хэлэлцүүлгийг энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд удирдан явуулсан бөгөөд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, санал солилцсон юм.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд: ““Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг олон үе шаттайгаар зохион байгуулж, салбар байгууллагууд, иргэдийн төлөөллөөс гарсан саналд үндэслэн судалгаа хийж, эрдэмтэн, судлаачдын багаар хэлэлцүүлсний эцэст уг хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах болно” гэж хэллээ.

Мөн анхан шатны хэлэлцүүлэгт оролцогчид нь төрийн үйлчилгээ, бодлого, үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөөний дагуу эрчимтэй явуулах, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулж, байнгын мэдээллээр хангах, төрийн захиргааны байгууллагын төсөв санхүү, үйл ажиллагааны тайланг орон нутгийн иргэдэд ил тод хүргэх, шударга төр-шударга албан хаагч-шударга иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах зэрэг саналуудыг уламжилж байв.

                                                                                                                                                                                  Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)