Ховд аймгийн 1700 айл өрх, 103 аж ахуй нэгж байгууллага, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг “Бадамлах дөл” ХХК-ийн дулаан хангамж одоогийн байдлаар жигдрээгүй байна. Тиймээс хот суурин газрын дулаан хангамжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайханаар ахлуулсан “Өргөтгөсөн ажлын хэсэг” Бадамлах дөл ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай уулзаж, тус станцын үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

“Бадамлах дөл” компаний дулаан хангамж, халаалтын асуудалтай холбоотой иргэдээс ирж буй санал, гомдлын дагуу “Бадамлах дөл” компаний үйл ажиллагаанд Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, холбогдох албаныхан сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд удаа дараа хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын үр дүнд нүүрсний нөөцгүй нь тогтоогдсон учир нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа гарч буй алдаа дутагдлыг нэн даруй засч залруулахыг нь дахин дахин сануулсан байна. Албаныхан станцын хэвийн үйл ажиллагааг хангах гүйцэтгэх захирлыг яаралтай томилохгүй бол эрх бүхий албан тушаалтангүй хэмээн шаардлага хүлээж авахгүй байгааг шүүмжилж байв. Мөн хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх, иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд “Шим-Ус” ОНӨААТҮГ-тай шугам сүлжээний маргаанаа эцэслэн шийдвэрлэж шийдэлд хүрэхийг сануулсан юм.

Энэ үеэр “Бадамлах дөл” ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Төмөр-Очирыг орлогч захирлаар томилон цаашид халаалт дулаантай холбоотой асуудлыг бүрэн хариуцаж, шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Д.Сурмаажав захирал мэдэгдсэн. Халаалт дулаан доголдож буй шалтгааныг иргэд орон байраа халахгүй байна хэмээн паарнаас хий авах нэрийдлээр усны алдагдал үүсгэж, энэ нь эргээд дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тус станцын төлөөллүүд хэлж байв. Хэрэв усны алдагдал дахин нэмэгдвэл үйлдвэрлэлийн ус цэвэршүүлэх техник тоног төхөөрөмж ачааллаа дийлэхгүй, дулаан доголдож, хангалттай дулаан өгч чадахгүйд хүрч мэдэх учир ард иргэдийг усны алдагдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

“Бадамлах дөл” ХХК-ийн захирал Д.Сурмаажав хэлэхдээ: Бадамлах дөл компаниас энэ жил үйлдвэрлэлийн ус боловсруулах тоног төхөөрөмжөө шинэчлэх, 70 орчим тонны шатахууны нөөц бүрдүүлэхэд 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцолж байлаа. Мөн тус станцын нүүрсний нөөцийг татан авахад анхаарч, хоёр долоо хоногийн хугацаанд 20 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлэхээ амласан байна. Халаалт дулааны асуудлыг цаг тухай бүрт нь мэдээллэх болно.

- share

Сэтгэгдэл (0)