Монгол Улсын Дархан аварга, 20 дугаар зууны манлай шилдэг Монгол бөх, 100 жилийн дэлхийн бөхийн од, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, эрдэмтэн Хорлоогийн Баянмөнх өнөөдөр Ховд аймагт зочиллоо. Тэрбээр аймгийн ИТХ-н дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийв. Уулзалтын үеэр Дархан аварга Х.Баянмөнх бөхийн гараагаа эхэлснээс хойш анхны аймгийн начин цолыг 1962 онд Ховд аймгаас хүртэж байснаа бахархан дурсаж, Монголын үндэсний бөхийн хөгжил, цаашдын чиг хандлагын тухай бичсэн “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” 3 боть номоо гардуулж, өсвөр үе, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, бөхийн спортоор хичээллүүлэх, үндэсний өв соёлоо хадгалан уламжлах дархлааг бий болгох зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, Ховд нутгаас улсын цолтон, аварга, суутнууд олноор төрж, хөгжин дэвжихийн билэгтэй ерөөлийг дэвшүүллээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга 
Х.Баянмөнх нь “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” бүтээлдээ Монгол бөхийн 750 мэхийг судлан нэгтгэж, баяжуулснаараа онцлог юм. Мөн энэхүү бүтээл нь Монголын үндэсний бөхөөр сонирхон хичээллэх өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж.

- share

Сэтгэгдэл (0)