Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой, Монгол- Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-г энэ оны 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.

Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээний хүрээнд “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш” уралдаан, “Орос дуу, шүлгийн уралдаан” зохион байгуулсан бөгөөд “Олимпиад, уралдааны шагнал гардуулах ёслол”-ын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 04-ний өдөр ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн урлагийн зааланд болов.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ШУТИС-ын доктор, профессор Б.Энхбат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт-орчуулагч Владимир Сергеевич Зимирев, ОХУ-ын Алтайн Техникийн их сургуулийн захирал Михалл Шишин болон Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Орос хэлний олимпиад”-д амжилттай оролцсон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 8 сурагч ОХУ-ын их, дээд сургуульд "бакалавр мэргэшил" гэсэн ангилалаар 2019| 2020 оны хичээлийн жилээс  эхлэн тэтгэлэгээр суралцах эрх бүхий гэрчилгээ  гардан авлаа. Мөн “Шилдэг багш” уралдаанд шалгарсан 3 багш ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнагдсан юм. Түүнчлэн “Орос дуу, шүлгийн уралдаан”-д шалгарсан сурагчид ОХУ-ын “АРТЕК” зусланд амрах эрхийн бичиг гардан авав. 

 

- share

Сэтгэгдэл (0)