Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ЗДТГ-ын дарга  Д.Энхболд нар өнөөдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай уулзаж 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудынх нь саналыг сонсож хамтран ажиллах, дэмжих туслах ямар боломж, нөхцөл байгаа талаараа санал солилцлоо. Энэхүү улзалтанд, Мерси кор олон улсын байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Улаан загалмайн байгууллага, Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Ногоон алт” хөтөлбөр, Америкийн соёл мэдээллийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Уулзалтаар дээрх байгууллагуудын хувьд 2019 онд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар товч мэдээлэл өглөө. 
Тухайлбал, 2019 онд Ховд аймагт Мерси кор олон улсын байгууллага дараах ажлыг хийнэ. Нэгд, Чандмань суманд 11 сараас “Ногоон бэлчээр туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Хоёр, Малын халдварт өвчний тархвар зүйн судалгааг оролцооны үндсэн дээр явуулах, Гурав, Малын эмч нарыг чадавхжуулах сургалт, Дөрөв, Аймгийн Онцгой байдлын газартай хамтран зорилтот сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг LEGS олон улсын стандартын дагуу шинэчлэн сайжруулж батлуулах, Тав, Цаг агаарын болон бэлчээрийн 12 төрлийн мэдээллийг агр утаснаасаа авдаг SMS үйлчилгээг үргэлжлүүлэн сурталчлах, ОБЕГ-т хүлээлгэн өгөх, Зургаа, Дээрх үйлчилгээгээр бүх төрлийн мэдээллийг хүргэх боломжийг судлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм байна. 
Харин Норвегийн тусламжийн байгууллагын хувьд 2019 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжих төсөл” хэрэгжүүлэх юм. Энэхүү төсөл нь Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжих бөгөөд 2019, 2020 онуудад судалгааны түвшний бэлтгэл төсөл байдлаар ажиллах юм байна. Ингээд 2021 оноос таван жилийн хугацаатайгаар хэрэгжих урт хугацааны төсөл манай аймагт хэрэгжих ажээ. 
Улаан загалмайн байгууллага нь дараах дөрвөн чиглэлээр голлон ажилладаг байна. Үүнд: 1. Хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулах, 2. Гамшгийн бэлэн байдлыг иргэдэд сурталчлах, заан сургах, 3. Халамжийн үйлчилгээг нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүргэх, 4. Нийт иргэдийн дундах эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөр зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг. 
Японы хүүхдийг ивээх сан нь 2018 оны 4 сараас 2021 оны 4 сар хүртэл гурван жилийн хугацаанд “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Мөн “Орон нутгийн өвсөр үеийнхэнд интерпренер боловсрол олгох” төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа бөгөөд төсөл хэрэгжих явж амжилттай яваа ажээ. 
Дэлхийн байгаль хамгаалах сан нь Ховд аймагт байгаль орчны чиглэлийн олон төсөл хөтөлбөр, арга хэмжээн дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч гэсэн энэхүү үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. 
Мөн Дэлхийн зөн байгууллагын Ховд аймаг дахь хөтөлбөрийн газар нь хоёр төсөл, гурван хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Нэгд, Хүүхэд хамгааллын хөтөлбөр, Хоёр, Өрхийн амьжиргааг даван туулах чадавхийг сайжруулах хөтөлбөр, Гурав, Орон нутгийн оролцоот хүүхэд ивээн тэтгэх зэрэг гурван хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
Харин “Ногоон алт” хөтөлбөр нь 2008 оноос хэрэгжсэн бөгөөд жилд 200,000-700,000 сая төгрөгийн ажил, хөрөнгө оруулалт оруулдаг байна. Тухайлбал, зургаан суманд хадгаламж зээлийн хоршоодыг дэмжин ажилладаг. Мөн Мөнххайрхан, Дуут, Чандмань сумуудад мал эмнэлэгийн жижиг лабортори байгуулсан байна. Цаашид Ховд аймагт Инновацийн түвшинд хамтран ажиллах боломжтойг төслийн удирдагчийн зүгээс мэдэгдлээ. 
Түүнчлэн Америкийн соёл мэдээллийн төв нь дараах чиглэлд ажилладаг бөгөөд нэгд, Англи хэлний сургалт, хувь хүний боловсрол, соёлын хөтөлбөр, америкийн их дээд сургуулиудад суралцах тухай мэдээлэл зэргүүдийг өгөх чиглэлээр ажилладаг. Цаашид ч гэсэн дээрх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаа илэрхийлж байлаа. Мөн 2019 онд төрийн албан хаагчдад чадавхжуулах сургалт явуулах чиглэлээр ажиллах юм байна. Түүнээс гадна Америкийн соёл мэдээллийн төв нь Номын санг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн үед дэлхийн чиг хандлагыг харахад номын сангууд нь зөвхөн ном унших газар гэхээсээ илүүтэй хүн хөгжих, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх газар байх ёстой гэдгийг нэвтрүүлэхээр болж байгаа гэнэ. Тиймээс Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвийн номын сан нь оёдлыг машин, 3D принтер зэргийг байршуулан хувь хүн хөгжих боломжийг бий болгож байгаа гэдгээ онцолж байлаа. 
Энэхүү уулзалтанд оролцогч төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөллүүдэд хандан аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “танай төсөл хөтөлбөрийн байгууллагуудын санал санаачилгыг цаашид дэмжин хамтран ажиллахад бэлэн байна. 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудад нь аймаг орон нутгийн зүгээс оруулах шаардлагатай хөрөнгө оруулалт, дэмжлэг байвал хүлээж авна. Тиймээс та бүхэн саналаа өгөөрэй. Аймаг орон нутгийн хөгжилд оруулж байгаа та бүхний хөрөнгө оруулалтанд талуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, аймгийн Засаг даргын зүгээс дэмжин ажиллах болно.” гэдгийг онцлон хэлсэн юм.

- share

Сэтгэгдэл (0)