Ховд аймгийн Жаргалант суманд гарсан тарваган тахал өвчний улмаас Ховд хотод хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Тус халдвараар өвдсөн өвчтөний биеийн байдал сайжирч, дахин халдвар гараагүй байна. Энэ хүрээнд өчигдөр 22.00 цагт аймгийн онцгой комисс хуралдаж цаг үеийн нөхцөл байдлын асуудлыг авч хэлэлцлээ. Энэхүү хорио цээрийн дэглэм 8 сарын 30-ны 23,00 цагт дуусгавар болж улмаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний болон бараа, түүхий эдийн захууд, бар, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулах тухай аймгийн Онцгой байдлын комиссын шийдвэр гарлаа. Харин Халдвартын эмнэлэг орчмын хөл хорио тогтоох дэглэмийг хэвээр үлдээж ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн Ховд хотын постуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болов. Ийнхүү халдварын эрсдэл бага байгаа тул сургууль цэцэрлэгүүд 9 сарын 1-нд хуваарийн дагуу хичээлийн нээлтээ хийх юм. 

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)