Өчигдөр буюу 8 сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд хотын Дулааны станцуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллаа. Мөн үргэлжлүүлээд Жаргалант сумын ажлын албаны бие бүрэлдэхүүнтэй уулзаж Ховд хотын өмнө тулгамдаж буй асуудлууд болох хотын өнгө үзэмж, хог хаягдал, гэрэлтүүлэг, нохой устгал, гудамжны ногоон байгууламж, ойжуулалт, газрын тухай хууль журам зөрчин баригдаж буй барилга байгууламжын зөрчил дутагдлууд зэрэг нэн тэргүүнд тулгамждаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

“Бадамлах дөл” ХХК-ны засвар шинэчлэлийн бэлтгэл

ажил 30 гаруй хувьтай байна

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дулааны станцуудын үйл ажиллагаатай танилцлаа. “Бадамлах дөл” ХХК-ны дулааны станцын хувьд нэг зуух бэлэн, нэг зуухны засварын ажил 30 хувьтай байв. Мөн “Бадамлах дөл” ХХК нь цахилгааны өр авлагаас үүдэн одоогоор тогоо таслуулсан боловч зуухны засвар шинэчлэлийн ажлаа удахгүй хийж гүйцэтгэнэ гэдгээ онцолж байлаа. Иргэн, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн дулааны авлагын хувьд энэ онд айл өрх, аж ахуй нэгж нийлсэн 200-аад сая төгрөг, төсөвт байгууллага 100 гаруй сая төгрөгийн авлагатай гэнэ. Харин өмнөх онуудын авлага нийт дүнгээр нэг тэрбум орчим төгрөг байгаа ажээ.

Ховд дулааны станцын засварын ажил хэвийн явагдаж байна

Харин Ховд дулааны станцын хувьд зуухны засвар үйлчилгээг 7 сарын 1-ээс эхлэсэн бөгөөд одоогоор нэг зуух бэлэн, хоёр дахь зуухны засвар хийгдэж байгаа гэнэ. Тус байгууллагын хувьд 11 дулаан дамжуулах төвтэй бөгөөд 1169 айл өрх, 56 аж ахуй нэгж, 23 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг байна. Хэрэглэгчдийн өнгөрсөн оны хэрэглэсэн дулааны төлбөрийн авлага нэлээдгүй байгаа гэдгийг онцолж байлаа. Тухайлбал, ААН 70 сая  төгрөг, айл өрх 100 гаруй сая төгрөгийн авлагатай байгаа ажээ. 

Мөн Аймгийн Засаг даргын “МоЭнКо” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд энэ онд нүүрсний үнийг бууруулсан бөгөөд нунтаг шигшмэл нүүрс 15000, айл өрхийн хэрэглээний нүүрс 25000, албан байгууллагуудад 55000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Энэ нь иргэн, аж ахуй нэгжүүдэд нэлээдгүй хэмнэлт болж байгаа нь сайшаалтай юм. Ховд дулааны станцын хувьд нүүрс бэлтгэлээ хараахан хийгээгүй байгаа ч хаврын үлдэгдэл нүүрс 500 тн орчим байгаа ажээ. 

Ийнхүү аймгийн Засаг дарга дээрх байгууллагуудад Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ намар халаалтыг 9 сарын 20-оос өгч болзошгүй тул бэлэн байхыг анхаарууллаа.

Ховд хотын хог хаягдал болон зөрчил дутагдлуудтай

 газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өглөө 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй баг Жаргалант сумын ажлын албатай уулзаж, мэдээлэл солилцон аймгийн төвийн багуудаар тойрч газар дээр нь үүрэг чиглэл өгч ажиллаа. Ийнхүү эхний ээлжинд Бичигт багийн нутаг дэвсгэр болох Бадамлах дөл дулааны станцын урд талын бохирын шугам задарсан нөхцөл байдлыг засч хүйтрэхээс өмнө хэвийн ажиллагаанд оруулахыг холбогдох албаныханд анхааруулж сануулга өглөө.  Мөн замын эсрэг талд зөвшөөрөлгүй байрлуулсан ёонкосыг тухайн газраас холдуулах, түүний хажуугийн зөвшөөрөлгүй карьерийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлуудыг мөн зогсоохыг ГХБХБГ, МХГ, Жаргалант сум, Рашаант багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.   Түүнчлэн гадна дотны зочид төлөөлөгчид орж гардаг, олон нийтийн гол дамжин өнгөрөх чиглэл болох урд постноос Ховд хот руу ордог засмал замын хоёр талын тохижилтын асуудлыг цаашид сайжруулж ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд анхааруулж байв.

Зам дагуу түүхий эд авч буй явдлыг зогсоох шаардлага тавив

Мөн түүнчлэн орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг зөрчиж байгаа дараагийн асуудал бол Цагаан морь зах юм. Ченжүүдийн машин зам дагуу түүхий эд авч байгаа нөхцөл байдлыг цаашид зогсоохыг үүрэг болголоо. Учир нь тухайн ценжүүд түүхий эдээ цагаан морь захын зориулалтын цэг дээр арилжаа, наймаа хийх ёстой юм.  

Хогны асуудал Ховд хотын “шүдний өвчин” болж байна  

Ингээд ажлын хэсгийнхэн болон хамтарсан багийнханы дараагийн очсон газар бол Жаргалант сумын урд талын засмал зам дагуу буюу Бичигт багт шинэ баригдсан хорооллын дээд хэсэг рүү байгаа хог хаягдлын асуудал юм. Энэхүү хог хаягдал нь олон жил болж байгаа бөгөөд ихэнх нь барилгын хог хаягдал юм. Эдгээр хог хаягдлыг ачиж зайлуулж, газрыг чөлөөлөхийг даалгалаа. Өөрөөр хэлбэл, төсөл сонгон шалгаруулалт юмуу иргэн аж ахуй нэгжүүдэд гэрээлэх зэрэг аль нэг тохиромжтой арга замаар тухайн газрыг чөлөөлөн хотын өнгө үзэмжийг сайжруулж ажиллах үүрэг болголоо.  

Түүнчлэн Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд дулааны станцын доод талд блок зохих зориулалтаар ачиж буулгасан нүүрсний хог хаягдлын асуудлыг ачиж зайлуулахыг даалгав. Энэ мэт нүүрсний хог хаягдал нь цацраг идэвхит бодис ялгаруулдаг учир хотын дотор удаан байлгах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ажээ. 

Мөн түүнчлэн Ховд хотын хогын цэг аймгийнхаа төвтэй хаяа дэрлэн оршиж байгаа явдлыг таслан зогсоох хогын цэгийг цааш хумиж, зөөвөрлөх арга хэмжээ авах тал дээр анхааран ажиллахыг аймгийн Засаг дарга анхаарууллаа. Ингээд талууд санал нэгдэж үүнийг ажил хэрэг болгон ойрын  хугацаанд дорвитой арга хэмжээ авч ажиллах тал дээр санал нэгдэв.  

Дараагийн томоохон хурсан хог хаягдал бол Рашаант багийн нутаг дэвсгэрт орших Сангийн  хэрмийн дотор бий болсон хур хог хаягдал юм. Тухайн хог хаягдлын дийлэнх нь иргэдийн ахуйн хог хаягдал байлаа. Зарим иргэдийн мэдээлж буйгаар иргэд шөнө оройн цагаар буюу өглөө эрт тэргээр түрэн сангийн хэрэм рүү хогоо аваачиж хаядаг гэнэ. Энэ байдлыг таслан зогсоож, хогны асуудлыг шийдвэрлэхийг тухайн багийн Засаг дарга болон Жаргалант сумын холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

Зөвшөөрөлгүй  болон хэмжээнээсээ хэтрүүлж барьсан

объектуудыг буулгана  

            Ажлын хэсгийнхэний дараагийн анхаарал хандуулан газар дээр нь очиж ажилласан зүйл бол зөвшөөрөлгүй барьж байгаа барилга байгууламж болон шугам хоолой, нийтийн эзэмшлийн зам талбайд барьж байгаа барилга объектийн асуудлууд юм. Тиймээс эдгээрийг буулгах, нураахыг аймгийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо. Тухайлбал, Буянт баг Эко 1-р гудамжны эхэнд усны шуудуун дээгүүр засмал зам руу ойртуулан барьж буй дулаан дамжуулах төвийн ЦТП юм. Энэ нь “Гранд паскал” ХХК орон сууцны барилгыг халаах зориулалтаар зөвшөөрөлгүй барьж байгаа ажээ. Тиймээс энэхүү хууль зөрчиж буй ажлыг зогсоож, барьсан объектийг буулгахыг ГХБХБГ-ын даргад аймгийн Засаг дарга үүрэг болгов. Энэ нь цаашид төв зам өргөсөх ажилд саад учруулна хэмээн шийдвэртэй арга хэмжээ авахыг анхааруулж, эрсдэлийг бага дээр нь бууруулахыг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн дараагийн төв зам дагуу болон нийтийн эзэмшлийн талбай руу заагдсан хэмжээнээс илүү гарган барьсан объект бол Рашаант багийн нутаг дэвсгэр болох Сангийн хэрэмний уулзвараас Бага гүүр хүртэлх зам дагуу баригдаж байгаа грашийн барилга юм. Уг барилгыг заагдсан хэмжээнээс 1,40 см хэтрүүлэн бариад байгаа ажээ.

Тиймээс энэ мэт зөрчил дутагдлыг бага дээр нь арилгуулж ажиллахыг МХГ болон ГХБХБГ, Рашаант багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, асуудлыг даруй шийдвэрлэхийг даалгалаа. 

Хотын гэрэлтүүлгийн асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо  

Сүүлийн жилүүдэд Ховд хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн асуудлууд нэлээд тулгамдаад байгаа. Учир нь нэлээдгүй гудамжны ламп шатаж, асахаа болиод байгаа юм. Үүнийг Жаргалант сумын ажлын алба болон Хот тохижилтын газар, холбогдох багийн Засаг дарга нарт өөрсдийн оногдсон гудамж талбайн гэрэлтүүлгүүдийг засч ажиллагаатай болгохыг даалгав. Ийнхүү газар дээр нь хамтарсан баг танилцан ажиллаж явахад гудамжны гэрэлтүүлгийн ажлууд нь анхнаасаа буруу зөрүү тавигдсан зөрчил дутагдлууд их байлаа. Тухайлбал, кабелийн утас нь гудамжны ногоон байгууламжийн усны суваг шуудуу руу орсон, эсвэл явган хүний зам талбай руу орж тасарсан зэргээс болж нэлээдгүй гудамжны гэрэлтүүлэг шатаж, гэмтсэн байв. Энэ нь нэг талаараа анхнаасаа гэрэлтүүлгийг тавихдаа төлөвлөлт буруу байрлуулсны үр нөлөө гэж хэлж болох юм. 

Нохой устгалын ажлын явц удаашралтай байна  

Жаргалант суманд нохой устгалд зориулж 7 сарын эхээр 14 сая төгрөг баталсан бөгөөд одоогоор ажлын явц ямар байгаа талаар аймгийн Засаг дарга асуулга тавьсан юм. Гэтэл ажил хийгдэж эхлээд нэг сар орчим болж байхад 50 гаруй нохой устгаад байгаа гэнэ. Тиймээс цаашид энэ ажлыг эрчимжүүлж, нохой устгалын ажлыг яаралтай, үр дүнтэй хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Улаан богочын Жишиг хорооллын хашаануудыг хэрхэх вэ   

Рашаант багийн нутаг дэвсгэрт 2014 онд баригдсан Жишиг хорооллын хашаануудын нэлээдгүй хэсэг нь нурж унасан, зарим нь хулгайд алдагдсан дүр зурагтай байв. Учир нь зарим айлууд хашаагаа буулгаж авснаас болж зэргэлдээх хашаанууд нурах тохиолдлууд их гарсан байна. Тиймээс иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө анхаарал хандуулж эзэнтэй болгох, эсвэл хашаагаа засч сэлбэх шаардлагатай байгаа ажээ. Иймээс талууд хаа хаанаа төрийн өмч хөрөнгөөр баригдсан бүтээн байгуулалтын ажлыг цаашид үр дүнтэй ашиглах, эсвэл дорвитой гарц гаргалгаа гаргах шаардлага тулгараад байгаа юм. 

- share

Сэтгэгдэл (0)