Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотоос нэг машинд хамт ирж байсан 2 иргэнээс халдвар илэрчээ

2021 оны 05 дугаар сарын 26-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 184 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүний 92 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, 92 сорьцод ЗӨСТ-ийн явуулын баг шинжилгээ хийсэн байна. “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 250 боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотоос нэг машинд хамт ирж байсан 2 иргэнээс Дарви суманд ажиллаж буй ЗӨСТ-ийн явуулын баг сорьц авч шинжилгээ хийхэд халдвар илэрчээ. Өчигдөр /2021.05.26/ нэмэгдсэн тохиолдол буюу Хөшөөтийн уурхайн “Тусгаарлах байр”-нд байсан халдвартай иргэн нь “Ковид-19”-коронавируст халдвараар өмнө нь өвчлөөд эдгэрчээ. Тиймээс шинээр халдвар авсан иргэдийн тоонд оруулахгүй гэж Шуурхай штабаас мэдээллээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.27/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.27-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 13 иргэн, тусгаарлан ажиглах байранд 13 иргэн, гэрийн тусгаарлалтад 4, гэрийн ажиглалтад 276 иргэн байна.

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”