Цаг үеийн мэдээ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ 900 КМ ЗАМЫГ ТУУЛЖ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМАНД ОЧЖЭЭ

Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Э.Даваажамц энэ өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт очжээ.

Тэрбээр 07 сарын 10-ны өдөр “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаалын үеэр Нийслэл хот, төв талбайд гүйж очих байсан. Коронавирусний халдварын тархалт их байгаа учраас уг жагсаалын арга хэмжээг цуцалж байгаа учраас Э.Даваажамц хугацаагаа наашлуулж 07 дугаар сарын 03-04-ний хооронд Улаанбаатар хот орохоор хугацаагаа наашлуулсан байна.

Гүйлтээ үүгээр дуусгахгүй. Дорнод аймгийн Чойбалсан хотын төв хүртэл гүйхээр хүсэлт гаргаж Жанжин штабаас зохих зөвшөөрлөө авчээ. Өөрөөр хэлбэл 650 орчим км-ээр нэмэгдүүлж нийт 2100 орчим км замыг туулахаар болсон байна.

Одоогоор өдөрт 45-50 км гүйж байна. Биеийн байдал хэвийн, сайн байгаа учраас цаашид өдөрт гүйх км-ийн хэмжээгээ нэмэгдүүлэн аль болох хамгийн богино хугацаанд эх орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйхээр төлөвлөж байна гэлээ.