Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн 3 замын уулзвараас Буянт голын бага гүүрийн замын уулзвар хүртэлх хэсгийг Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, ахмад дайчин Ноён Цорос овогт Жарантайн Хайдавын нэрэмжит гудамж болгож дурсгал, хүндэтгэлийн цогцолборын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2021.06.30/ зохион байгууллаа. Энэхүү цогцолборыг Жарантайн Хайдав агсны үр хүүхдүүд аавынхаа мэндэлсэний 100 насны ой, АХ-ын 100 жилийн ой, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд өөрсдийн санаачилга, 20-иод сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү барьж байгуулжээ.
Учир нь Ж.Хайдав агсан нь 1946 оноос эхлэн Ховд аймгийн ойн ангийн анхны байцаагч, даргаар ажиллаж байхдаа хот тохижуулах төлөвлөгөөний дагуу аймгийн ойн бүс, ногоон байгууламжийн анхны шанг татсан байна. Тухайн үед наадмын талбай, хотын ойн бүсийн зураг гаргуулан Эрдэнэбүрэн сумын “ӨВДӨГ” гэх газраас 5000 ширхэг мод авчран наадмын шинэ талбайд 1300 ширхэгийг нь, зам дагуу 3700 ширхэгийг нь хамт олон, иргэдийн оролцоотойгоор тарьж ургуулсанаар Ховд хотыг цэцэрлэгжүүлэх их ажил эхэлсэн түүхтэй ажээ.

Жарантайн Хайдав агсны гэргий Тостын Шиймаа нь мөн аймгийнхаа ойн бүс, ногоон байгууламжийг бий болгоход гар бие оролцож байжээ. Тэрээр ойн бүсийн анхны сахиулаар ажиллаж байгаад 1972 онд байгуулагдсан Ой агнуурын аж ахуйн Мод үржүүлгийн талбайн сахиул, цэцэрлэгчийн ажил хийж байсан байна. Гэр бүлээрээ хөдөлмөрч бас дээр нь олон залуусыг мод бут тарих, үржүүлэх ажилд сургажээ. Түүний олон шавийн нэг нь Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэн юм байна.
Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, ахмад дайчин Ноён Цорос овогт Жарантайн Хайдавын нэрэмжит гудамж, хүндэтгэлийн цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан нар болон Жаргалант сумын удирдлагууд оролцож баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэв.
