Цаг үеийн мэдээ

“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” 09:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ БАЙНА

Коронавируст халдварыг эрт илрүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс Ховд аймаг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г нэвтрүүлж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Шинжилгээ оношилгоо, зөвлөгөө эмчилгээ, тээвэрлэлт гээд шаардлагатай тусламж үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллаж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилтнууд цаг хугацаа хэмнэх, ажлаа уялдуулах гээд олон давуу тал гарч байгааг онцолж байна.

Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид хэв журам, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн ажиллаж байгаа бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эмч нар шинжилгээ өгөх иргэдээс асуумж авч бүртгэл хийж байна. Мөн шинжилгээний 3 баг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нараас бүрдсэн үзлэгийн болон бүртгэлийн тус бүр 5 баг, тээвэрлэлтийн 1 баг тус тус ажиллаж байна.

“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-д шинжилгээ өгөх иргэд цөөнгүй байна. Зарим иргэд оочер дугаар авах гэж өглөөний 07:00 цагт ирсэнээ ч хэлж байв. 09:00-14:00 цагийн хооронд хамгийн их ачаалалтай. Харин түүнээс хойш буюу 17:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөн харьцангуй бага байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Тухайн өдөрт авах шинжилгээний тоо, хэмжээг заагаагүй учраас иргэд өөртөө болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажилд хэт их ачаалал үүсгэхгүйгээр, аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримталж цагаа зөв тооцоолж үйлчлүүлэх нь чухал юм.