Цаг үеийн мэдээ

СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРЭХ 7 ХОНОГИЙН ДАВАА ГАРАГААС ЭХЛҮҮЛНЭ

Өнөөдөр /2021.10.12/ аймгийн Онцгой комиссын гишүүд 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Боловсролын газар, Мал эмнэлгийн газрын мэдээллийг сонсож авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган холбогдох хууль, журмын дагуу шийдвэр гаргалаа. Онцолбол, 

-Ирэх 7 хоногийн Даваа гараг /2021.10.18/-аас СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ салбарын сайд нарын хамтарсан тушаалаар баталсан түр журмыг мөрдөх энэ сарын 15 хүртэл бэлтгэл хангах үүрэг чиглэлийг Боловсролын газар болон цэцэрлэгүүдэд өглөө. СӨБ-ын байгууллагын үйл ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд халдвар авч, өвчлөл нэмэгдэж болзошгүй учраас БОЭТ болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийг хэвтүүлэн эмчлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлийг өглөө. Мөн оношлуур, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, сургуулийн насны хүүхдүүдийг улирлын томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Үүнээс гадна:  

-Коронавируст халдварын тархалт хөдөөгийн сумдад нэмэгдэж байгаа учраас халдварыг илрүүлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, тархалтыг хумих үүднээс 16 сумдад “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” байгуулах бэлтгэл ажлыг хангах,
-Аймгийн БТСО-д байрлах Жаргалант сумын “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г  нүүлгэн шилжүүлэх байр судалж, үйл ажиллагаа хэвийн явуулах бэлтгэл хангах,
-Аймгийн төвийн болон хөдөөгийн сумдын “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-нд шинжилгээ өгч Коронавируст халдвар илрээгүй иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад /Вакцины 3 дахь тун/ хамруулах, вакцины сувилагчийг нэмж ажиллуулах,
-Малын гоц халдварт Шүлхий өвчний тархалтыг хумих, өвчлөл бүртгэгдсэн сумдад хүн, малын хөдөлгөөнийг хязгаарлах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.