Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

Д.НАМСРАЙЖАВ “АЙМГИЙН АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН” БОЛОВ

Мянгад нутгийнхны нэгэн бахархал бол “Мянгадын Чонон саарал” гэж алдаршсан хурдан хүлэг. Тэрхүү хурдны удам одоо ч хүртэл үргэлжилж тус сумаас олон арван хурд, уяачид төрөн гарсаар байдаг юм. Тэдний нэг нь тус сумын уяач Дүгэрсүрэнгийн Намсрайжав юм. Эднийх таван азарга нийт 150 орчим адуутай. Өнгөрсөн жил 40-өөд унага бойжуулсан амжилтаар “АЙМГИЙН АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ээр шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа.

Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа морь унадаг адуу маллах сонирхолтой байжээ. Аав ээж, ах дүү, нутаг усныхаа буян хишгийг хүртэж адуун сүргээ өсгөсөн амжилтаар энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа баяртай байлаа.

Аймгийн “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан Дүгэрсүрэнгийн Намсрайжав хурдан удмын морьдтой. Адууныхаа өв соёлыг хадгалж хамгаалахын тулд зүүн аймгаас хурдан удмын азарга авчран адуун сүргээ чанаржуулсан байна. Овоо тахилга, баг, сум, аймаг, бүсийн наадамд хурдан морьдоо уяж уралдуулан 20 гаруй айраг түрүү авч байжээ.

Д.Намсрайжав гуайн шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, төлөөлөгч Л.Бадамхорлоо, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж нарын хамтаар гардуулж баяр хүргэлээ.