Цаг үеийн мэдээ

Д. Содномдаржаа М. Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин”боллоо

Мандалхайрханыхаа өвөр бэлээр нутаглаж буй Нарийн гол багийн малчин Д. Содномдаржаа М. Алтанцэцэг нар мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа. Эднийх Алтай, Үенч сумын дунд байдаг “Цахир бэлчир” гэх өвөрмөц тогтоц бүхий газар хаваржиж байна. Энэ газар сэрүүхэн ч Харгана, Шаваг гэх мэт олон төрлийн шим сайтай өвс ургамал ургадаг. Д. Содномдаржаа М. Алтанцэцэг нар удам дагасан малчид. Тэдний аав ээж ахан дүүс нь хөдөлмөрч гэдгээрээ нутаг усандаа алдартай малч ухаантай хүмүүс байдаг ажээ. Тэд 1993 онд айл болж, аав ээжээсээ өвлөж авсан мал сүргээ таван төрлөөр өсгөж 30 орчим жил малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж буй хөдөлмөрч гэр бүл юм. Эднийх 1000 гаруй малтай. Алтайн улаан ямааг голдуу өсгөж эдийн засгийн үр өгөөжийг нь хүртдэг. Ингэхдээ малынхаа тооноос илүү чанарт анхаарч, малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна. М. Алтанцэцэг нь 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн алдарт эхийн нэгдүгээр одонтой элбэрэлт ижий. Өглөөнөөс орой хүртэл цаг наргүй хөдөлмөрлөж сүү цагаан идээгээ бэлтгэн өрхийнхөө эдийн засгийг дэмждэг байна. Үенч сум нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 160 мянга гаруй тоо толгой мал тоолуулжээ. Энэ жил ихэнх нутгаар хаваржилт сайтай болж, мал төллөлт 80 хувьтай явагдаж байна.