Цаг үеийн мэдээ

УОК-ЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ” ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд ажиллав.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Мөн аймгийн Онцгой комиссын хурал зохион байгуулж орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын дарга нарт хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.

Дан ганц вакцинд найдаж болохгүй. Цаашид шүлхий өвчнийг таслан зогсоох, тэмцэх, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах. Өөрөөр хэлбэл,
-Аймаг, сум хоорондын малын шилжилт, хөдөлгөөн, мал, махны худалдаа, тээвэрлэлтэд хяналт тавих,
-Малчид, мал бүхий иргэдтэй “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” байгуулж ажиллах,
-Сум, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН”-ыг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Ховд аймгийн 17 сумын 87 багийн 205128 үхэр, 272 гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад хамруулах ёстой. Өнөөдрийн байдлаар 17 сумын 4586 өрхийн 153754 үхэр, 120 гахай, нийт 153874 толгой мал, амьтныг дархлаажуулалтад хамруулж, 75%-ийн гүйцэтгэлтэй байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.