Цаг үеийн мэдээ

28 төрийн албан хаагч тангараг өргөлөө

Өнөөдөр /2022.07.09/ Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор 14 байгууллагын 28 төрийн албан хаагч “Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав”.
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг дарга Б. Дүгэржав нар оролцож, төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа залуучууддаа хандан “Эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө мэдлэг ур чадвараа дээшлүүлж, хүнд суртлаас хол байж, хууль ёс зүйн хэмжээгээ сахин дээдэлж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлж ажиллахыг хүслээ”.
Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д. Энхболд, МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, төрийн захиргааны ахмад ажилтан Д. Ширэндэв нар төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж үг хэлсэн юм. Энэ үеэр “Төрийн албан хаагчийн тэргүүний тэмдэг”- ээр МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х. Отгонбаярыг шагнаж урамшууллаа.
Ховд аймгийн хэмжээнд 5600 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ жил Төрийн албаны ерөнхий шалгалтыг 1 удаа зохион байгуулснаас 59 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байна.