Цаг үеийн мэдээ

Баярын хурал, төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо

Өнөөдөр /2022.07.09/ Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100,101 жил, Ховд аймгийн 90, 91 жилийн ойн баярын хурал, төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Баярын хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б. Дүгэржав Ховд аймгийн түүхэн цаг хугацааны ололт амжилт, хөгжил дэвшлийн талаар илтгэл мэдээлэл хүргэж, түүхт ойн баярын мэндчилгээг дэвшүүлсэн юм.
Энэ үеэр Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.
Тухайлбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль Соёлын тэргүүний ажилтан болон Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”-иар нэр бүхий хүмүүс энгэрээ мялаасан байна.