Соёл урлаг, спорт

ЖҮДО БӨХИЙН БАРИЛДААНЫ БАГА, ДУНД НАСНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 05-Р САРЫН 17-19-НИЙ ӨДРҮҮДЭД ХОВД АЙМАГТ БОЛНО

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна. Энэхүү тэмцээнд Ховд аймгийн 48 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд бага насны ангилалд 18, дунд насны ангилалад 30 хүүхэд оролцох ажээ.

Тамирчдыг аймгийн Биеийн тамир, спортын газрын Жүдо бөхийн дасгалжуулагч, Жүдо бөхийн спортын мастер С.Ганхуяг түүний шавь Жаргалант сумын Лаборатори 1-р сургуулийн Биеийн тамирын багш, Жүдо бөхийн спортын мастер Г.Батсайхан нар дасгалжуулан ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад Г.Батсайхан нь одоогоос 17 жилийн өмнө буюу 2002 онд Ховд аймагт зохион байгуулагдсан Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож Алтан медаль хүртэж байжээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлтэй танилцлаа. Мөн багш дасгалжуулагчид, эцэг эхчүүдтэй нь уулзан тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, витаминжуулалтын асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг, тамирчиддаа Ховдчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүслээ.