Цаг үеийн мэдээ

ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 21/100 үйлдвэрийн жагсаалтад багтсан “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” төслийн шав тавих ёслол боллоо. Буянт сумын нутаг “ШОХОЙТЫН БЭЛ” гэх газар байгуулагдах тус үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан болон аймаг орон нутгийн удирдлагууд, барилгын салбарынхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ховд аймгийн төдийгүй баруун таван аймгийн хувьд томоохон ач холбогдол бүхий бас нэгэн төсөл нь Цементийн үйлдвэрийн төсөл юм. Ховд аймагт барилгын материалын гол түүхий эд болох цементийн үйлдвэр байгуулагдаж байгаа нь алс баруун хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит ахиц дэвшил авчирна” гэдгийг онцлов.

“ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ийн 2019-2020 он хүртэл хэрэгжүүлж буй “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” төслийн үр дүнд байгуулагдах цементийн үйлдвэр ашиглалтад орсноор 250 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ 300,000 тн цемент үйлдвэрлэнэ. Мөн барилгын гол түүхий эд болох цементийн үнэ бодитоор хямдрах, үүнийг дагаад барилга, орон сууцны үнэ ханш буурна гэж тооцоолж байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр 1 уут цементийн үнэ Улаанбаатар хотод 7500, Ховд аймагт 15000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Улаанбаатарт нэг тонн нь 150,000-160,000 төгрөгийн үнэтэй байдаг цемент Ховд аймагт 300,000-320,000 төгрөг, Баян-Өлгий аймагт 400,000 хүртэл төгрөгийн үнэтэй байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болох цементийн үйлдвэртэй болсноор хямд үнэтэй цемент үйлвэрлэх улмаар шинээр баригдаж буй барилга, орон сууцны үнэ 30-40 хувиар буурах боломжтой гэсэн судалгааг тус салбарынхан гаргажээ. Мөн барилгын материалын жижиг үйлдвэрүүд ч ашиглалтад орох боломж нөхцөл бүрдэх юм.