Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ /2019.05.13/ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.

Засгийн газар эдийн засгийн өсөлтөө айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа. Сүүлийн таван жилд нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2018 онд нэмсэн. 2019 болон ирэх онуудад ч мөн инфляцын түвшинтэй уялдуулж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тухайлбал, энэ оны улсын төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 400 тэрбум төгрөг тусгагдсан гэдгийг тэмдэглэлээ.

Дараагаар нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутагт тулгамдаж буй зарим асуудал, хийх хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцуулан дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн иргэд, хөдөлмөрчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун бүсийн хэрэгцээг хангах Ховд Эко цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд Ховд хотын дулааны шугам сүлжээг шинэчлэх, Музей, ХДТ-ыг шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж У.Хүрэлсүхийн Засгийн газраас алслагдсан бүс нутагт ажлын байр нэмэгдүүлэх замаар ард иргэдийн амьжиргааг дэмжсэн олон чухал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаад талархаж байна. Хөгжил дэвшлийн төлөө улстөржихгүй, хамтарч ажиллах нь чухал гээд Сархайрхан чиглэлийн дутуу үлдсэн 20 км хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх: 250 хүнийг байнгын ажлын байраар хангаж, жилдээ 300 000 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нэг томоохон ажил. Цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦСтанцын төсөл, бүтээн байгуулалтыг дагаад Ховд аймаг төдийгүй баруун бүс, орон нутгийн хөгжил дэвшил, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд бодит дэвшил гарна гэдгийг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн жил Ховд аймагт ажиллахдаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгтэй болгох асуудлыг шийдвэрлэсэн бол энэ удаад ирэх оны Улсын төсвийн хөрөнгөөр Жаргалант сумын 9-р цэцэрлэгийг шинэ байртай болгохоор шийдвэрлэлээ. Харин УИХ-ын гишүүдийн болон иргэдээс гаргасан санал хүсэлтийг судалж эргэн хариу өгөхөө илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлагыг өндөржүүлэн улс, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын бүрэлдэхүүн, орон нутагт дагалдан яваа ажлын хэсгийн хамт олонд олон ястны өлгий нийт Ховдчуудынхаа нэрийн өмнөөс ажлын амжилт, хүсэж сайн сайхны ерөөл өргөн дэвшүүллээ.