Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ТӨВИЙН ЕБС-ИУДЫН ШИРЭЭ, САНДЛЫН 80 ОРЧИМ ХУВИЙГ БҮРЭН ШИНЭЧЛЭВ

2019-2020 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын ЕБС-д 20 мянга орчим хүүхэд багачууд сурч боловсорч байна.

Тэдгээр хүүхэд багачуудын суралцах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт ЕБС-иудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2019 онд аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын ЕБС-иудын 450 орчим ширээ сандлыг шинэчилж, хүлээлгэн өгсөн юм. Харин 2020 оны 1-р сард Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ сандлыг шинэчилсэн.

Тэгвэл өнөөдөр /2-р сарын 12-нд/ Жаргалант сумын Ерөнхий боловсролын 5 сургууль тус бүрт 2 ангийн ширээ сандал буюу нийт 150 ширээ, 300 сандлыг хүлээлгэн өгөв.

Ингэснээр аймгийн төвийн ЕБС-иудын зайлшгүй шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын 80 орчим хувийг бүрэн шинэчлээд байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Эдгээр ширээ сандлыг Ховд аймгийн “Буянт тэгш үйлс” ХХК үйлдвэрлэжээ.