МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга хот, байгуулалтын сайд, БСШУС-ын дэд сайд зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж, Монгол Улсыг хөгжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй урт, дунд, богино хугацааны бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Эдгээр хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд Ховд аймагт хийгдэх, баруун бүс нутгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий 10 гаруй томоохон ажлуудыг тусгасан байна.

УИХ-ын намрын чуулганаар “Үндсэн хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй 42 хуулийг шинэчлэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Ийнхүү төр засгаас хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг бүх шатанд тууштай хэрэгжүүлж, ажилгүйдэл, архидалт, авилгалгүй нийгмийг цогцлоож, төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд анхаарах зарим асуудлын талаар уулзалтын үеэр санал мэдээлэл солилцсон юм.