МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ ОН ДУУСТАЛ СУНГАВ

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ.
Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.
Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19611, газраар 6581, нийт 26192 иргэнийг авч ирээд байна. Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ авч ирэх юм.