МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийг хэлэлцэн баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах явдал юм.

Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг холбогдох ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тулгуурлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан, иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, сумдын санал авах хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгүүдээс гарсан, давхардсан тоогоор нийт 1100 гаруй саналыг нэгтгэн боловсруулсан байна.

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүний хөгжлийг дэмжсэн, “Стандарттай-Шинэ Ховд”-ыг цогцлоох зорилгоор боловсруулсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд 6 бүлэг бодлогын асуудлын хүрээнд зорилго, зорилтуудаа тодорхойлж, нийт 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Уг 6 бүлэг асуудалд цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн асуудлыг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлогын асуудал (Эрүүл мэнд, Биеийн тамир, спорт, Боловсрол, Шинжлэх ухаан, технологи, хөдөлмөр нийгмийн хамгаалал, Үндэсний бахархал, өв соёл зэрэг), Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Сум, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлууд тус тус багтаж байгаа юм.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Үндэсний хөгжлийн газраар хянуулсан бөгөөд тус газраас ирүүлсэн санал болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг тусган хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталлаа.