МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Өнөөдөр /2021.02.05/ аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гаргах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
1-Энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тусгай үүргийн онгоцоор Улаанбаатр хотруу буцааж Баянгол дүүрэгт байрлах “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдсан 40 иргэнийг татан авах асуудал. Өнгөрсөн хугацаанд эдгээр иргэдийг 2 ч удаагийн давтан шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан учраас ХӨСҮТ-өөс тэднийг буудлаас гэрийн ажиглалтад гаргахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв Улаанбаатар хотод гэрийн ажиглалтад гаргавал халдвар авах эрсдэл өндөр учраас аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс хуралдаж “Эрхэс” зочид буудлаас шууд Ховд аймаг руу татан авах ажлыг зохион байгуулж байна. Тусгаарлалтад байсан иргэдийг тээвэрлэн ирж буй автобус энэ өглөө орон нутгийн цагаар 10:00 цагт Улаанбаатар хотоос гарлаа. Ховд аймагт ирэх үеэр нь тэднийг дахин PCR шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу гарах хугацаанд 1 хоног тусгаарлахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
2-Улаанбаатар хотоос ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудал.
Одоогоор нийтдээ 236 иргэн орон нутагтаа хүсэлтээ өгсөн. Үүний 100 гаруй нь хувийн унаагаараа ирэхээр албан ёсны хүсэлтээ өгөөд байна. Хувийн унаагаар ирэх иргэдийг 02 дугаар сарын 08-ныг дуустал хүлээж авах бол нийтийн тээврээр ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг энэ сарын 8-нд ганцхан удаа, татан авалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 02 дугаар сарын 08-аас өмнө ирэх иргэдийг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссоос Нийслэлийн Онцгой комисст санал хүргүүллээ. Мөн орон нутгаас зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ.

3-Сар шинийн баярын үеэр хөдөлгөөн хязгаарлах тухай асуудал. Энэ оны 01 дүгээр сарын 23-аас хойш 02 дугаар сарын 04-ний хооронд Улаанбаатар хотоос нийт 528 иргэн иржээ. Үүний 352 нь хувийн унаагаараа ирсэн ба бүгд гэрийн ажиглалтад байгаа. Цаашид ч голомтоос ирэх иргэдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний 16 цагаас 02 дугаар сарын 16-ны 16 цаг хүртэл, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргалаа.
4-Танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэх хангах тухай асуудал. Улсын Онцгой комиссоос 03 дугаар сарын 01-ээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтыг танхимаар эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаны дарга нарт өглөө.

5-Монгол улсад вакцин оруулж ирж байгаатай холбогдуулан ЭМЯ-аас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу вакцин хийх эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулах, вакцин хадгалах болон иргэдэд вакцин хийх зориулалтын байр бэлтгэх бусад бэлтгэлийг хангаж ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтанд үүрэгжүүлллээ.