Хууль, эрх зүй

Аймгийн Жендэрийн салбар хороо хуралдав

Өчигдөр /2021.02.22/ аймгийн Жендэрийн салбар хороо хуралдлаа.

Хурлаар Салбар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн баталсан тухай аймгийн Засаг даргын захирамж танилцуулав. Мөн “Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөр /2016-2020 он/-т хийсэн оролцооны хяналт-үнэлгээний танилцуулга,
Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон нийтийн хэвлэл мэдээллийн харилцааг сайжруулах талаар хийсэн арга хэмжээний танилцуулга,
Жендэрийн үндэсний хорооноос гаргасан орон нутгийн салбар хорооны ажиллах удирдамжийг танилцуулах, Салбар хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Ховд аймаг 2017-2020 онуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр /ЖЭТБХ/-ийг батлан үндсэн хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг хяналт, үнэлгээ хийж ажилласан байна. Хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэх чиглэлийн 25 үйл ажиллагааг хийхээр төлөвлөж үүний 23 нь буюу 92 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн. Тодруулбал, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Ховд аймаг хамтран 698 сая төгрөгийн өртөгтэйгээр “Түр хамгаалах байр”-тай болсон нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг байрлуулж аюулгүй байдлыг ханган гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлж тухайн хамтарсан багт нь холбон зуучилж байгаа нь чухал үр дүнтэй ажил болсон.
ГБХЗХГ-ын дэргэд “Гэрлэх ёслолын танхим”-ыг сургалтын өрөөний хамт байгуулсан нь залуу гэр бүлд чиглэсэн сургалт, мэдээлэл өгөх маш чухал алхам болжээ гэж дүгнэсэн байна.
Мөн Ховд аймгийн 143 байгууллагаас 81 байгууллага Хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үл тэвчих орчныг бүрдүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод журамтай болсон зэрэг олон давуу тал бий болсныг онцолж байв.

Гэхдээ анхаарах асуудал цөөнгүй байгааг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн баг зөвлөмжөөр хүргүүлж “Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр санал солилцлоо.